Тоглолтын өмнө: Швед-БНСУ, Бельги-Панам, Тунис-Англи

Хуучирсан мэдээ: 2018.06.18-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Тоглолтын өмнө: Швед-БНСУ, Бельги-Панам, Тунис-Англи

Тоглолтын өмнө: Швед-БНСУ, Бельги-Панам, Тунис-Англи

ОХУ-д болж буй 21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ийн 4 дэх өдөр F хэсгийн нэг, E хэсгийн хоёр тоглолт явагдах хуваарьтай байна.


ШВЕД – ӨМНӨД СОЛОНГОС

Хоёр багийн дэлхийн аваргын эхний тоглолт Доод Новгород хотын 45 мянган хүний суудалтай “Доод Новгород” цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатарын цагаар 20:00 цагт эхлэнэ. Швед болон БНСУ-ын шигшээ багууд өмнө нь гурван  удаа таарч тоглоход Шведүүд нэг хожсон бол хоёр удаа тэнцэж байжээ. Харин энэ удаа дэлхийн аваргын дэвжээн дээр анх удаагаа тоглох гэж байна.

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

  • Швед: Р.Ольсен, М.Лустиг, А.Гранквист, В.Линделёф, Л.Аугустинссон, В.Классон, С.Ларссон, А.Экдаль, Э.Форсберг, М.Берг, О.Тойвонен
  • Өмнөд Солонгос: Ким Сын Гю, Ли Ён, Ким Ён Гвон, Чан Хён Су, Пак Чу Хо, Ки Сон Ен, Чон У Ён, Хван Хи Чан, Ли Жэ Сон, Ким Син Ук, Сон Хын Мин

Шведүүд сүүлийн хоёр дэлхийн аваргыг гэртээ өнжөөд эргэн ирж байна. Европын бүсийн сонгон шалгаруулалтад хэсэгтээ Франц, Нидерландтай өрсөлдөж, нэмэлт тоглолтод Италийг буулган авсан гэхээр БНСУ-ын шигшээ багийн хувьд хүнд өрсөлдөгч байна. Хоёр багийн дэлхийн аваргын өмнөх нөхөрсөг тоглолтууд тийм сайн биш байгаа боловч Швед энэ тоглолтонд ялах магадлал нь илүү их юм. Хэдийгээр Сон Хын Мин хэмээх Английн ‘Тоттенхэм Хотспур’ клубт хүчин зүтгэдэг Солонгос залуу байгаа ч дан ганцаараа чацархаг Шведийн эсрэг тоглох амаргүй байх болов уу? Тоглолтын өмнө хоёр багийн тоглогчид бэлэн байна.


БЕЛЬГИ – ПАНАМ

Дэлхийн аваргын G хэсгийн тоглолт Бельги-Панамын тоглолтоор эхэлнэ. Тоглолт Оросын Хар далайн эрэг дээрх Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд 23.00 цагаас эхлэх хуваарьтай. “Улаан чөтгөрүүд” хэмээх Бельгийн шигшээ баг Панамын шигшээ багтай анх удаагаа тоглох гэж байна.

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

  • Бельги: Т.Куртуо, Я.ВертонгенД.Бойата, Т.Алдервейрелд, А.Вицель, де Бройне, Т.Мёнье, Я.Карраско, Д.Мертенс, Р.Лукаку, Э.Азар
  • Панам: Х.Пенедо, Р.Торрес, Ф.Эскобар, Э.Дэвис, М.Мурильо, Г.Гомес, А.Годой, А.Гупер, Б.Перес, Э.Барсенас, Х.Родригуэс

Бельгийн дасгалжуулагч Р.Мартинез энэ удаа гурван хамгаалагчтай хувилбарыг сонгож байгаа бөгөөд хоёр жигүүрээр довтолгоог дэмжих хувилбарыг сонгож байна. Одоогийн байдлаар хамгаалагч В.Компани бага зэрэг бэртлийн улмаас энэ удаагийн тоглолтод оролцож чадахгүй болсон байна. Мөн хамгаалагч Т.Вермайлен тоглолтод оролцоход бэлэн бус байгаа ажээ. Харин тэдний өрсөлдөгч анх удаагаа дэлхийн аваргад оролцож буй Панамын шигшээ багт довтлогч Г.Торрес эхний тоглолтыг өнжиж магадгүй байна. Түүний оронд 37 настай ахмад довтлогч Б.Перез гарааны довтлогчоор тоглохоор болсон. Энэ тоглолтын ялагч бол сүүлийн жилүүдэд маш сайн бүрэлдэхүүнтэй байгаа Бельгийн шигшээ баг байх магадлалтай.


АНГЛИ – ТУНИС

Магадгүй монголчуудын хувьд хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй баг бол Английн шигшээ баг байх. Үеийн үед л азгүй гэгдэж байдаг Английн шигшээ баг “Орос-2018” дэлхийн аваргын нээлтийн тоглолтоо Хойд Африкийн төлөөлөл “Карфатын бүргэдүүд” буюу Тунисын шигшээ багтай хийнэ. Хоёр багийн тоглолт Улаанбаатарын цагаар шөнө 02.00 цагт Волгоград хотын “Волгоград Арена” цэнгэлдэх хүрээлэнд болно. Английн шигшээ баг дэлхийн аваргын дэвжээн дээр Африк тивийн багуудтай тоглохдоо хожигдож байгаагүй ажээ. Английн эсрэг Тунисын шигшээ баг гурав дахь удаагаа тоглох гэж байгаа бөгөөд 1990 онд хийсэн нөхөрсөг тоглолтод 1-1 харьцаатай өндөрлөсөн бол 1998 оны ДАШТ-д англичууд 2-0 харьцаатай Тунисыг хожиж байсан.

Хоёр багийн таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

  • Англи: Ж.Пикфорд, К.Уокер, Ж.Стоунс, Х.Магуайр, К.Триппер, Ж.Лингард, Ж.Хендерсон, Д.Алли, Э.Янг, Х.Кейн, Р.Стерлинг
  • Панам: М.Хассен, Я.Мерья, С.Бен-Юссеф, Д.Бронн, А.Маалул, Э.Шкири, А.Бадри, Ф.Сасси, Ф.Бен-Юссеф, В.Хазри, Н.Слити

Энэ удаагийн ДАШТ-нд харьцангуй залуу, эрч хүчтэй залуусаас бүрдсэн Английн шигшээ баг эхний тоглолтоо хийх гэж байна. Нээлтийн тоглолтод Английн дасгалжуулагч тааварлашгүй гарааны бүрэлдэхүүнийг талбайд гаргаж магадгүй байна. Г.Кэхилл сэлгээнд үлдэж Г.Магуайр хэмээх хамгаалагчийг гараанд гаргаж магадгүй байна. Мэдээж жигүүрт нэг байрлалд тоглодог гурван хамгаалагч авчирсан тул зайлшгүй хоёрыг нь нэг тоглолтод ашиглах магадлал өндөр байсан бөгөөд үнэхээр ч К.Уокер болон К.Триппер нарыг нэгийг нь төвийн гурван хамгаалагчийн нэгээр нөгөөг нь жигүүрт гаргаж байна. Харин энэ удаа М.Рашфорд бэртлийн улмаас нээлтийн тоглолтод оролцох боломжгүй болсон. Тэгвэл тэдний өрсөлдөгч Тунисын шигшээ багаас  шигшээ багийн дэд ахлагч В.Хазри хоёр сарын дараа шууд талбайд гарч байна. Мөн Тунисын шигшээ багаас жигүүрийн хамгаалагч А.Маалул тоглох эсэх нь эргэлзээтэй байгаа бололтой. Английн шигшээ баг Африкийн багуудад дэлхийн аваргын дэвжээн дээр хожигдож үзээгүй гэсэн мундаг үзүүлэлттэй. Иймд энэ удаагийн тоглолтонд үр дүнгээ хадгалах болов уу?

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж