–Олон мянган хүүхдийг эцэг эхээс нь салгаж байгаа нь хүний эрх зөрчсөн үйлдэл үү–
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хууль бус цагаачдыг АНУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглох тухай хуулийн төслийг Цагаан ордон өнгөрсөн тавдугаар сарын 7-нд олон нийтэд танилцуулсан. Тэгвэл өнгөрсөн тавдугаар сараас хойш сар гаруйн хугацаанд Мексик, Америкийн хилээр нэвтрэх гэсэн хууль бус, бичиг баримтгүй Мексик иргэдийг хорьж эхэлсэн. Одоогийн байдлаар эцэг эхээсээ салсан 2000 гаруй хүүхдүүд байгаа аж.
Хоригдсон хүмүүсийг гэр бүлээс нь салгаж хорих байруудад шилжүүлсэн бөгөөд нялхас, хүүхдүүд ойролцоох томоохон худалдааны төвийн агуулах зэрэгт орогнож байна. АНУ-ын Эрүүл мэнд, тусламж үйлчилгээний газраас эцэг эхээсээ салсан хүүхдүүдийг өөр газар луу нүүлгэн шилжүүлж, хоол хүнс бусад тусламж үйлчилгээг үзүүлж байгаа аж. АНУ-д орогнохыг хүссэн ихэнх Мексик гэр бүлүүд хүчирхийлэлд өртсөн, ядуу зүдүү амьдралаасаа болж цагаачлах хүсэлтэй байдаг байна. Одоогийн байдлаар АНУ-д 11,6 сая Мексик иргэн амьдарч байна гэсэн судалгаа байдаг. Жил бүр хагас сая гаруй цагаач иргэд АНУ-д нэвтэрдэг гэжээ.
ТРАМПЫН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ХҮМҮҮСИЙН ДУНД ТҮҮНИЙ ЭХНЭР МЕЛАНИА ТРАМП Ч БАГТАНА
Энд хүний эрхийн асуудал ч яригдана. АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр хүүхдүүдийг эцэг эхээс нь салгах нь буруу, шинэчилсэн цагаачлалын хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж мэдэгдсэн.
Харин ерөнхийлөгч Дональд Трамп хүүхдүүдийг эцэг эхээс нь салгаж байгаа нь Ардчилсан намын хийж байгаа хэрэг. Санаатайгаар Бүгд найрамдах намыг унагаах гэсэн оролдлого. Цагаачлалын хуулийг замхруулж байна гэж мэдэгдсэн. Конгрессийн зарим гишүүд шинэчилсэн цагаачлалын хуулийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын хилээр хууль бусаар нэвтэрч буй Мексикийн иргэдийн эсрэг хатуу тэмцэхээ сонгуулийн компанит ажлынхаа үеэс эхлэн зарлан тунхаглаж байсан. Тэрбээр хууль бус цагаачдыг зогсоохын тулд Мексик, Америкийн хилийн дагуу хана босгоно гэж хүртэл мэдэгдэж байсан юм. Трамп цагаачлалын хуулинд өөрчлөлт оруулах талаар тодорхой хариу өгөөгүй байгаа юм. Харин энэ хуулийг эсэргүүцэгчид болон түүний эхнэр Цагаачлалын хуульд өөрчлөлт оруулахад нөлөө үзүүлэх болов уу.