Мэдээллийн аюулгүй байдал Монгол Улсад онцгой анхаарал хандуулах сэдэв болоод удаж буй.
Хамгийн сүүлд гэхэд 2017 оны гуравдугаар сард Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн серверийг хакердаж жолооч нарын торгуулийн мэдээллийг устгасан хэрэг гарсан нь үүний нэг баталгаа.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр уг этгээд нь 25 настай Т гэгч бөгөөд тэрбээр зөрчил гаргасан этгээдүүдтэй тохиролцон тэднээс мөнгө авч энэхүү хэргийг үйлдсэн гэж тухайн үедээ мэдээлж байсан удаатай.
Тэгвэл Үндэсний Дата төв, төрийн мэдээллийн санд Хятадын хакерчид нэвтэрч, вирус тараасан гэх баттай эх сурвалжийн мэдээлэл байна. Энэ үйлдэл зургадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн гадны хэвлэлүүдээр БНХАУ-ын хакерын бүлэг Монголын үндэсний мэдээллийн санд нэвтэрч Засгийн газрын веб сайтад вирус тараасан байх магадлалтай талаар мэдээлэл тархжээ. CYBERSCOOP сайтын мэдээлснээр “Хятадын хакерын бүлэг мэдээллийн сангийн ажилчдын и-мэйл хаягт нэвтэрч улмаар засгийн газрын дэд бүтцийг хянах зорилгоор нэвтэрсэн. Ажиллагааг 2017 оны сүүлээр эхлүүлсэн ба энэ оны гуравдугаар сард олж илрүүлсэн байна” хэмээн бичсэн байна.
Бид энэ талаар тодруулахаар Үндэсний дата төвтэй холбогдоход “Дээрх мэдээллийн дагуу шалгалт хийж байна” гэх мэдээллийг өглөө. Харин баттай эх сурвалжийн мэдээлснээр “БНХАУ-ын хакерын бүлэг Монголын үндэсний мэдээллийн сан хакердуулсан нь үнэн” гэсэн юм. Хэрэв энэ үйлдэл үнэн бол төрийн бүх дата мэдээлэл алдагдах, бусад мэдээллийн сан хакерт өртөх зэрэг олон аюул дагуулна. Гэвч албаныхан энэ асуудлыг нууцалж, мэдээллийг гадагш задруулахгүйгээр шалгаж байгаа гэнэ.
Э.Бурам