Шинэ төмөр зам Техник эдийн засгийн үндэслэлтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Шинэ төмөр зам Техник эдийн засгийн үндэслэлтэй боллоо

Монгол Улс байгалийн баялгаа гадаад зах зээлд гаргахын тулд хоёр хөрш рүүгээ төмөр зам татах шаардлагатай болж, УИХ өнгөрсөн оны хавар Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг батлан гаргасан. Энэ дагуу Зам, тээвэр барилга хот байгуулалтын яамнаас өнгөрсөн хавар төмөр замын газар шорооны ажлыг эхлүүлсэн билээ. Гэхдээ олон нийтийн зүгээс “Шинэ төмөр зам” төслийн Техник эдийн засгийн үндэслэл нь батлагдаагүй байхад газар шорооны ажлыг эхлүүлсэн нь учир дутагдалтай гэж үзэж байлаа. Тэгвэл энэхүү төслийн Техник эдийн засгийн үндэслэл нь бэлэн болж, Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэв. Энэ асуудалтай холбогдуулж, Зам тээвэр,  барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнээс дараах тодруулгыг авлаа. 

-Шинэ төмөр замын Техник эдийн засгийн үндэслэлийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Дэмжлэг хүлээв үү?

-Шинэ төмөр зам төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг нэлээд урт хугацаанд хийсэн, наймдугаар сарын 16-нд дуусч, яамны хэмжээнд хүлээж аваад, өнөөдөр Засгийн газрын хуралдаанд оруулж,  дэмжлэг хүлээлээ.

Шинэ төмөр зам төслийн Техник эдийн засгийн үндэслэл бэлэн болсноор одоо төмөр замын зураг гаргах ёстой. Ямар ч байсан эхний ээлжинд төслийг хэрэгжүүлэхэд 55 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Цаашдаа гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулна. Барилгын ажилд хяналт тавих компаниа мөн сонгон шалгаруулна. Төлөвлөснөөр ирэх хавар энэ ажлыг эхлүүлэх ёстой. Хоёр жилийн хугацаанд төмөр зам барих ажил үргэлжлэх болж байгаа.

-Шинэ төмөр замыг барихдаа үе шаттай хийхээр болсон. Эхний ээлжинд зүүн тийш төмөр төмөр зам татахаар болсон. Зөвхөн энэ чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэхэд 55 сая ам.доллар шаардаж байгаа хэрэг үү?

-УИХ-аас баталсан Төмөр замын бодлогод нэгдүгээр шатыг эхэлж барихаар болсон. Нэгдүгээр шат нь Тавантолгойгоос-Сайншандаар дамжаад Чойбалсан орох зам. Харин Техник эдийн засгийн үндэслэлийг хийх явцад нэг, хоёрдугаар шат буюу зүүн тийшээ болон урд зүг рүү чиглэсэн төмөр замыг хамтад нь эхлүүлэх шаардлагатай гэсэн судалгаа гарсан. Тиймээс зүүн зүг чиглэсэн төмөр замаа урагшаа явах замтайгаа хамтарч хийнэ гэдгээ түрүүчийн Засгийн газрын хуралдаанд оруулж дэмжлэг хүлээсэн. Нийтдээ 1800 орчим км төмөр зам баригдах юм. Тодруулж хэлбэл,  төслийн хүрээнд Тавантолгой-Сайншандын чиглэлд 468 км, Сайншанд-Хөөтийн 450, Хөөт-Чойбалсангийн 155 км, Хөөт-Нөмрөгийн 380 км, Тавантолгой-Гашуунсухайтын 267 км, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлд 46 км  зам тавина. Нэг км төмөр замын суурь бүтцийг 2.5-2.8 сая ам.доллараар барихаар тооцоолж байгаа.

-Тэгэхээр 55 сая ам.долларыг юу, юунд зарцуулагдах бол байгаа билээ?

-Нэгдүгээрт, бид МакКензи компанийг зөвлөх компаниар олон улсын хэмжээнд сонгон шалгаруулж, таван сая ам.долларын өртөгтэй ТЭЗҮ хийлгүүлсэн. Мөн анхан шатны ТЭЗҮ гаргаж, байгаль орчин, геологийн судалгаа дүгнэлтүүдийг гаргасан. Энэн дээр тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан. Дээрээс нь төмөр замын ажлыг эхлүүлэхийн тулд хөрс хуулалт хийсэн. Үндсэндээ 10 гаруй сая ам.долларын ажил хийгдсэн. Ингээд тооцохоор нийтдээ 50 гаруй сая доллар болж байгаа л даа.

-Хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас гаргахаар төлөвлөж байна вэ. Манайх эх үүсвэргүй юм баталчихаад түүнээсээ болж ажил явахгүй цаг алддаг талтай?

-Сая бид Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг танилцуулахдаа хөрөнгийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргаж өгөөч гэдэг санал тавилаа. Гэхдээ үүнээс гадна хоёр ч хувилбар яригдаж байгаа. Тухайлбал, Тавантолгойн ажлын хэсэг буюу Тавантолгойд орох компаниудаасаа төмөр замд хөрөнгө оруулалтыг ямар хэмжээгээр хийх вэ гэдгээ тодорхойлж өгөөч ээ. Эсвэл тусдаа төсөл гаргаад олон улсын хэмжээнд санхүүгийн зөвлөх баг аваад, олон улсын хэмжээнд мөнгөө босгож болдоггүй юм уу гэдэг хувилбарыг санал болгосон. Хэлэлцүүлгийн шатанд олон улсын санхүүжилтийн зарчмаар нь явах нь зүйтэй болов уу гэсэн санал давамгайлж байна.

-Шинэ төмөр зам барих гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах тендэрийг хэзээ зарлах вэ? 

-Эхний ээлжинд төмөр замын зураг төсөл хийгдэх ёстой. Зураг төсөлтэй болсны дараа зургийнхаа дагуу тендер зарлана. Тэгж байж, тодорхойлно доо. Шинэ төмөр зам барих ажил дараагийн Засгийн газар байгуулагдахад ч үргэлжлээд хийгдэх ёстой ажил юм шүү дээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж