Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачилгаар зохион байгуулдаг Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын нээлт өнөөдөр Шангри-Ла зочид буудалд боллоо.
Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэ форумд Зүүн хойд Азийн бүс нутгаас Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон зэрэг зургаан орны 18 хотын дарга, шийдвэр гаргагчид, олон улсын байгууллагын 300 гаруй төлөөлөгч дэлхий нийтийн өмнө тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, түүний үндсэн шалтгаан болсон хүлэмжийн хийн ялгарлыг хотуудын төвшинд бууруулах арга замыг хэлэлцэж, туршлагаа хуваалцахаар хуран цуглараад байгаа юм. Тухайлбал, БНХАУ-ын Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн Хурлын Байнгын хорооны орлогч дарга Жан Чин, БНСУ-ын Сөүл хотын захиргааны асуудал хариуцсан дэд дарга Юн Жун Бён, ОХУ-ын Улаан-Үд хотын дарга А.М.Голков, БНАСАУ-ын Солонгос-Ази, Номхон далайн орнуудын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дарга Юү Жү Ёон, Япон Улсын Токио хотын төлөөлөл болон НҮБ-ын төлөөлөгчид оролцож байна.
Тус форумаар “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийг хөндөн хоёр өдөр Улаанбаатар чуулж, салбар хуралдаануудыг хийх юм.
Зүүн хойд Азийн хотууд нь дэлхийн эдийн засагт чухал байр суурь эзэлдгийн зэрэгцээ нийт нүүрстөрөгчийн хийн 30 хувийг ялгаруулдаг гэсэн судалгааны дүн байдаг.
Улаанбаатар хотын хувьд агаар дахь нүүрсхүчлийн хийн агууламж 411 пи пи эм-д (ppm) хүрээд байгаа нь байвал зохих түвшнээс давсан үзүүлэлт болжээ. Парисын 2015 оны хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийг бууруулахад дэлхийн улс орон бүр өөрсдийн нөөц бололцоогоор хувь нэмрээ оруулах үүрэг хүлээсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлаас уг хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталж, 2030 он гэхэд хүлэмжийн хийг одоогийн түвшнээс 14 хувиар бууруулах зорилт тавьсан юм.
Хотуудын төлөөлөл дараах байр суурийг илэрхийлж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд:
-Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудад дэлхийн хүн амын дөрөвний нэг нь амьдардаг. Энэ утгаараа өнөөдрийн бидний хөндөж, хэлэлцэж байгаа сэдэв бол бүс нутаг, цаашлаад олон улсыг хамрах өргөн хүрээтэй асуудал гэж тодорхойлж болно. Учир нь хот суурин газрууд нийт хүлэмжийн хийн 60 гаруй хувийг ялгаруулж байна. Нөгөө талаар цаг агаарын өөрчлөлт, байгаль экологийн хувьсалууд ч нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй. Тиймээс хотын хөгжлийн сайн бодлого бол санхүүжилт бага шаардах, богино хугацаанд үр дүнгээ өгөх хүлэмжийн хийг бууруулах шалгарсан технологийг нэвтрүүлэх юм.
Зүүн хойд Ази нь технологи, инновацийн төв байсаар ирсэн тул Улаанбаатарт танилцуулагдсан байгалийн нөөц бага ашигладаг, бүтээмж өндөртэй технологийн шийдлүүд дэлхийн бусад хотуудад үлгэр жишээ болж түгэн дэлгэрнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Улаанбаатар хотын санаачилсан Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум байгаль орчны сэдвийн дор чуулдаг онцлогтой. Монгол Улс газар зүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцооноосоо шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн ихээр өртөж байна. Цөлжилт, ган зудын давтамж нэмэгдсэнээс үүдэн хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн эрс өсөж , энэ нь хотын төлөвлөлтгүй тэлэлт, агаар, орчны бохирдлын үндэс болсон юм. Бүс нутгийн хотуудад ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө янз бүрээр илэрч байгаа болов уу.
Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форумыг санаачлагч хотын хувьд 3 дахь удаагаа чуулж байгаа энэ хуралдаанаа байнгын статус бүхий байгууллагын хэмжээнд хүргэж, нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулах нь зөв гэсэн саналыг дэвшүүлж байна.
БНСУ-ын Сөүл хотын даргын үүрэг гүйцэтгэгч, Сөүл хотын захиргааны асуудал хариуцсан дэд дарга Юн Жун Бён:
-Монгол Улс, БНХАУ-аас эх үүсвэртэй нарийн ширхэгтэй тоосонцор Сөүл хотод ихдээ 70 хувь, багадаа 30 хувь очдог. Энэ тоосонцрыг дарахын тулд Сөүл хотод мод тарих зэрэг арга хэмжээ авч байна. Мөн нүүрсийг сайжруулж, утаагүй нүүрс гаргах технологийн шийдэл гаргаж байна.
Агаарын бохирдлыг бууруулахаар Улаанбаатар хотоос хэрэгжүүлж буй бодлогуудтай танилцсан. Эдгээр бодлогоос Улаанбаатарт түүхий нүүрс оруулахыг хориглох шийдвэр гаргасан нь надад маш их таалагдсан. Гэр хороололд сайжруулсан нүүрс, сайжруулсан түлш хэрэглэх замаар агаарын чанарыг сайжруулж болно. Гэр хорооллыг бүсчилж, дэд станцуудаар хангах арга зам байж болно. Сөүл хот ч дүүргүүдээ бүсчлэх маягаар хий, цахилгаанаар хангаж байсан туршлага бий.
БНСУ-ын “Сөүл хаус” корпораци Улаанбаатар хотын “Нийтийн орон сууц” корпорацитай хамтран иргэдийг хямд түрээсийн орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлэх санал дэвшүүлж байгаа.
БНХАУ-ын Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн Хурлын Байнгын хорооны орлогч дарга Жан Чин:
-Хятад Улсаас 2013 онд баталсан Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Бээжин хотын агаарын бохирдлыг хянах цогц хөтөлбөр буюу Бээжин хотын цэвэр агаар үйл ажиллагааны төлөвлөгөөг 2013-2017 онд боловсруулан агаар дахь РМ2.5 бохирдлыг бууруулахад голчлон анхаарлаа. Уг төлөвлөгөөний дагуу Бээжин хотод эрчим хүч, авто тээврийн хэрэгсэл болон аж үйлдвэрийн бүтцийг сүүлийн 5 жилд оновчтой төлөвлөн ажилласан юм. Үүний үр дүнд Бээжин хотын агаарын чанар сайжирч, нийгмийн ашиг тус, эдийн засгийн үр өгөөж, байгаль, орчны тогтвортой байдал сайжирч ирлээ. Энэ туршлагаасаа манай хот бусадтай хуваалцахад бэлэн байх болно.
БНСУ-ын Сөүл хотын Гадаад харилцааны газрын дарга Ким Ки Хюүн:
-БНСУ-ын Сөүл хот нь цахим засаглал, эдийн засаг, харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжил дэвшлээрээ дэлхийд өндөр үнэлэгдэг.
Харин агаарын чанар, ялангуяа тоосонцрын бохирдол нь Сөүл хотын хувьд хүнд сорилт болж байна. Хотын захиргаа иргэдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан цэвэр агаартай болох, агаарын чанарыг сайжруулахад чиглэсэн бодлого боловсруулаад байгаа.
Тээврийн хэрэгсэлд утаа ялгаруулалтаар нь шошго, тэмдэг байршуулах, утаа болон агаарын бохирдол үүсгэхийг хязгаарласан бүс тогтоох, шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг ашиглалтаас гаргах, азотын ислийн хэмжээ багатай эх үүсвэр ашиглах, агаарын чанарын хяналтыг сайжруулах, судалгаа шинжилгээ хийх зэрэг ажлыг хийж байна.
Япон Улсын Токио хотын Байгаль орчны газрын Уур амьсгалын өөрчлөлт ба эрчим хүчний хэлтсийн дарга Наобүми Хигашикава:
-Токио хотын захиргаа 1960-аад оноос хойш байгаль, экологийн чиглэлийн маш олон асуудлын шийдэл дээр ажиллаж, үүний үр дүнд агаар, усны чанарыг багагүй сайжруулсан. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж их хэмжээний хүлэмжийн хий ялгарч, дэлхийн дулаарлыг үүсгэж байгаа бөгөөд үүнээс ган, зуд, хүчтэй аадар бороо зэрэг гамшиг шалтгаалж байна. Байгалийн эдгээр үзэгдэл хөдөө аж ахуйд төдийгүй хот суурин газарт нөлөөлдөг боллоо.
Токио хотын захиргаа 2010 оноос томоохон байгууллагуудад хүлэмжийн хий бууруулах зорилт хэрэгжүүлэх шаардлага тавин ажиллаж байна.
ОХУ-ын Москва хотын Байгаль орчны хүрээлэнгийн захирал П.Захарова:
-Москва хот 2006 онд “С40 хотууд-Уур амьсгалын манлайлагчдын бүлгэм”-д Оросын хотуудаас анх удаа нэгдсэн бөгөөд одоог хүртэл тус бүлгэм дэх ОХУ-ын ганц хот хэвээрээ байна. Москва хот мөн 2016 онд Олон улсын Цаг уур, эрчим хүчний зөвшилцөлд нэгдэн орсон. Тийм ч учраас манай хот сэргээгдэх эрчим хүч, хоёрдогч эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлж байна гэлээ.
Хотуудын дарга нарын чуулга уулзалт маргааш үргэлжилнэ.