ОУВС-гийн дүгнэлт Трампын байр суурьтай зөрчилдлөө

Хуучирсан мэдээ: 2018.06.18-нд нийтлэгдсэн

ОУВС-гийн дүгнэлт Трампын байр суурьтай зөрчилдлөө

ОУВС-гийн дүгнэлт Трампын байр суурьтай зөрчилдлөө

АНУ-ын ангархай төсвийн алдагдал санхүүгийн зах зээлийг доргиохуйцаар инфляц, бодлогын хүүг хөөргөдөж болзошгүйг Олон улсын валютын сангийн тайланд анхааруулжээ. Бүгд найрамдахчууд 1.5 тэрбум ам.долларын татвар танаж, зардлыг 300 тэрбум ам.доллараар өсгөсөн нь 2019 он гэхэд холбооны төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 4.5 хувьд хүргэнэ хэмээн ОУВС үзлээ. Энэ нь төсвийн алдагдал гурван жилийн өмнөх үеэс бараг хоёр дахин өсөж буй хэрэг. ОУВС-гаас Article IV нэрээр улс бүрээр тогтмол гаргадаг АНУ-ын эдийн засгийн үнэлгээний тайлангийн дүгнэлтийг тус сангийн төлөөлөгч танилцуулах үеэр дээрх тооцоог ил болгожээ. “Бодлогын хүүг одоогийнхоос шуурхай өсгөвөл АНУ-ын төдийгүй дэлхийн санхүүгийн зах зээл тогтворгүй болно” хэмээн ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард хэвлэлийн хурал дээр тайлбарлав. Энэ бүх сөрөг нөлөө хөгжиж буй зах зээлд хэдийнэ тусгалаа олж эхэлснийг хатагтай Лагард анхааруулсан юм. АНУ-ын ДНБ энэ онд 2.9, ирэх жил 2.7 хувиар өсөх тооцоог ОУВС гаргажээ. Гэхдээ өсөлт зарим талаар мөнгө, зээлийн түлхэц өгөх бодлогын ач. Өсөлтийн эрч дорхноо суларч, 2020 онд 1.9, 2021 онд бүр 1.7 хувиар буурна. Татварыг багасгасан нь эдийн засгийн өсөлтөд урт хугацааны эерэг нөлөөтэй хэмээн тайлбарладаг Трампын засаг захиргааны тайлбараас ОУВС-гийн дүгнэлт зөржээ.

Ердөө 2021 оноос тус улсын эдийн засгийн өсөлт 1.75 хувь буюу урт хугацааны хэвийн голдрилдоо эргэж орно хэмээн тус сан үзэж байна. Тайлангийн дүгнэлт эдийн засгийн дунд, урт хугацааны хэтийн төлөвөөс “ноцтой” зөрж байгааг АНУ-ын Сангийн яам хариу болгон тайлбарлав. ОУВС-гаас гаргасан дунд хугацааны төлөв дэндүү гутранги хэмээн АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин тодорхойлсныг хатагтай Лагард хэлж байлаа. “Энэ хүний зөв, бидний буруу байгаасай гэж найдъя” хэмээн ОУВС-гийн тэргүүн өгүүлэв. Тус сан АНУ-д тулгараад буй “хэдийнэ торгоох аргагүй болсон” Засгийн газрын өрийн дарамт зэрэг олон эрсдэлийг харгалзан үзэж дээрх тооцоог гаргасан юм. АНУ 2020 оноос зардлаа танах арга хэмжээ авна гэж тооцлоо ч ирэх арван жилийн дундуур гэхэд холбооны өр ДНБ-ий 90 хувьд хүрнэ хэмээн ОУВС сануулав. Ноён Трампын ивээл дор протекционизм хүчээ авч байгаа нь дэлхий ертөнцийг хууль дүрэмд тулгуурласан, нээлттэй худалдааны тогтолцооноос дайжихад хүргэж, АНУ болоод түншүүдэд нь сөрөг нөлөөлнө хэмээн тус сан үзжээ. Протекционизм нь “бусад улс хариу арга хэмжээ авах гинжин урвал үүсгэж, хөрөнгө оруулалтыг дотоодод төдийгүй хилийн чанадад бууруулж болзошгүй” хэмээн ОУВС анхаарууллаа. Мөн дэлхийн ханган нийлүүлэх сүлжээг тасалдуулж, тодорхой улс орон, АНУ-ын үндэстэн дамнасан компаниудад хохирол учруулна. “Макро эдийн засгийн нөлөөг дутуу үнэлэх хэрэггүй”-г хатагтай Лагард анхааруулж байна. АНУ протекционист арга хэмжээ аваад байгаад бус, бусад улс, ялангуяа эрх ашиг нь хохирч буй Европ болон Канад, Герман зэрэг улс эргээд хариу арга хэмжээ авах нь байдлыг ноцтой болгож буйг хатагтай тайлбарласан юм.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж