Рей Хегүчи дахин гэртээ үлдэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2018.06.18-нд нийтлэгдсэн

Рей Хегүчи дахин гэртээ үлдэхээр боллоо

Рей Хегүчи дахин гэртээ үлдэхээр боллоо

Чөлөөт бөхийн Бүх Японы аварга шалгаруулах тэмцээн буюу “Мэйжийн цом” энэ сарын 14-17-нд Токио хотод болж, аравдугаар сард Унгарын нийслэл Будапештийг зорих зарим баг тамирчдаа сонгов. Наран улсын эрэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Юки Такахаши, 2014 оны ДАШТ-ий мөнгөн медальт Сосүкэ Такатани нарын шилдгүүд ДАШТ-ийг зорих эрхээ аваад байна. Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт Рей Хигүчи шигшээ барилдаанд Такүто Отогүрод 0:6-гаар ялагдснаар ДАШТ-ийг дахин өнжихөөр болж байна. Тэрбээр өнгөрсөн жил Бүх Японы аваргад 61 кг-д барилдаад эрхээ авч чадаагүй. Түүнийг ялсан 19 настай Отогүро өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Дайчи Такатанитай нэмэлт барилдаан хийх юм. 74 кг-д өнгөрсөн жилийн ДАШТ-д доод жинд хүрэл медаль хүртсэн Юхи Фүжинами “Мэйжийн цом”-ын аварга Кен Хосакатай ирэх долдугаар сард нэмэлт барилдаан хийж, хэн ялсан нь Будапештийг зорино.

Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн гурван удаагийн аварга Эри Тосака дэвжээндээ эргэн ирсэн ч хагас шигшээд Юки Ириэд ялагджээ. Түүнийг ялсан Ириэ жиндээ дэлхийн нэг номер болоод буй өнгөрсөн жилийн дэлхийн аварга Юи Сүсакид цэвэр ялагджээ.

2016 онд Риогийн олимпийн наадмаас хойш хорт хавдартай тэмцэж ялалт байгуулсан Рио Ватари хоёр жилийн дараа дэвжээндээ эргэн ирж Бүх Японы аваргадаа түрүүлж, ДАШТ-ийг зорих эрхээ авсан нь бахархууштай. 57 кг-д 2014 оны дэлхийн аварга Чихо Хамада хагас шигшээд 18 настай Аки Ханайд ялагдснаар ДАШТ-ийг цэнхэр дэлгэцээрээ үзэхээр болов. Энэ жинд Кацүки Сакагами Будапештийн тийзээ авсан. Японы чөлөөт бөхийн холбоо ДАШТ-д зодоглох ихэнх тамирчдаа сонгосон бөгөөд долдугаар сарын 7-нд болох Эзэн хааны цомын тэмцээнээр зарим жингүүдэд Дунай мөрний эргийг зорих тамирчдаа сонгоно.

БҮХ ЯПОНЫ АВАРГУУД:

Эрэгтэйчүүдийн 57 кг: Юки Такахаши, 61 кг: Казүя Коянаги, 65 кг: Такүто Отогүро, 70 кг: Жинтаро Мотояма, 74 кг: Кен Хосака, 79 кг: Сосүкэ Такатани, 86 кг: Шота Ширай, 92 кг: Ацүши Мацүмото, 97 кг: Наоя Акагүма, 125 кг: Масао Мацүсака

Эмэгтэйчүүдийн 50 кг: Юи Сүсаки, 53 кг: Харүна Окүно, 55 кг: Майю Мүкаида, 57 кг: Кацүки Сакагами, 59 кг: Рисако Кавай, 62 кг: Юүкако Кавай, 65 кг: Аяка Ито, 68 кг: Рио Ватари, 72 кг: Нарүха Мацүюики, 76 кг: Хироэ Минагава

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж