“Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын албан ёсны эрхтэйгээр хүргэж буй “Яг түүн шиг-3” шоуны долоо дахь дугаар өчигдөр /2018.06.17/ үзэгчдийн хүртээл боллоо. Шоуны долоо дахь дугаарын ялагчаар “Эмоци” продакшны жүжигчин О. Тэмүүжин буюу Тэмка тодорлоо. Тэрбээр АНУ-ын поп дуучин Шер-ын дүрд хувирч түүний “Dov’e L’ Amore” дууг яг түүн шиг дуулж, шүүгчид болон оролцогчдын өгсөн нийлбэр дүнгээр хамгийн өндөр саналыг авч ялагч болсон юм.
О.Тэмүүжингийн хувьд арван жилээ Нийслэлийн 23-р сургуулийг төгсөөд СУИС-ийн жүжигчний ангид элсэн оржээ. Тавдугаар ангийн сурагч байх үедээ Монголын Хүүхдийн ордны драмын дугуйланд элсэж, дуулж бүжиглэх сонирхлоо улам хөгжүүлснээр өөрийгөө урлагийн амьдралаар явах ёстой гэдгээ мэдэрсэн хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
Сонирхуулахад, О.Тэмүүжин, фантастик продакшны жүжигчин Б.Тамир, М.Баярбат, Маск продакшны жүжигчин Э.Алдар нар “Boomtown” хамтлагт харьяалагддаг байсан билээ. Хамтлагийн бусад гишүүд шоуны үеэр О.Тэмүүжинг дэмжихээр ирсэн байсан юм.
“Boomtown” хамтлаг “Охин чамтай”, “Дурлал хаа ч” зэрэг дуугаараа нэгэн үе залуусын танил болоод байсан ч рок попын бусад хамтлагийн адилаар нам жим болсон юм.
Э.Бурам