Мексикчүүдийн давхар баяр

Хуучирсан мэдээ: 2018.06.18-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Мексикчүүдийн давхар баяр

Мексикчүүдийн давхар баяр

ОХУ-д болж буй 21 дэх удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дуулиан шуугиантай үргэлжилж байна. Бүтэн сарын турш үргэлжлэн явагдах ДАШТ-д оролцож байгаа багууд хэсгийн эхний тоглолтуудаа хийлээ. Өнөөдөр сүүлийн хэсэг болох ‘G’ хэсгийн хоёр тоглолт болсноор бүх багууд эхний тоглолтоо хийх юм. Мөн ‘А’ хэсгээс эхлэн багуудын хоёр дахь тоглолт эхэллээ. 

2026 ОНЫ ДАШТ МЕКСИКТ БОЛНО

32 баг найман хэсэгт хуваагдсан. Эдгээр хэсгээс “F” хэсэгт багтсан Мексик дэлхийн аварга Германыг хожиж нэгэн том дуулиан тарьсан. Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд болсон энэхүү тоглолтоос өмнө Мексикийн ард түмэн баярт мэдээг аваад байсан юм. 

21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ эхлэхийн өмнөх өдөр Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) 68 дахь Конгрессийн хурлаа Москва хотод хийсэн. Энэ хурлаар 2026 онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах орныг зарлаж, АНУ, Канад, Мексик хамтран зохион байгуулахаар болсон юм. Марокко улс хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө тав дахь удаагаа өрсөлдөөд Хойд Америкийн “Нэгдмэл 2026” багт ялагдсан.

БАЯР ДЭЭР БАЯР НЭМСЭН ЛОЗАНО

Найман жилийн дараа болох 23 дахь удаагийн ДАШТ-ий 80 тоглолтын 10 нь Мексикт хуваарилагдсан. Энэхүү баярт мэдээг авсаны дараа мексикчүүдэд хөлбөмбөгчид нь дахин баярт мэдээг авчирлаа. Өнгөрөгч ням гаригт болсон тоглолтын  гол баатар нь Х.Лозано байсан юм.

Тоглолтын 35 дахь минутад багийн довтлогч Х.Эрнандесын өгсөн дамжуулалтыг Х.Лозано хүлээн авч германы хоёр ч хамгаалагчийн хууран гоол оруулсан. Тоглолт цааш 60 минут орчим үргэлжилсэн ч хаалгач Г.Очоа шилдэг гэдгээ энэ үед баталж чадсан юм. Германчуудын аюултай довтолгоог Очоа хааж чадсанаар тоглолт өндөрлөсөн.

2014 оны дэлхийн аварга Герман аваргаа хамгаалахаар Орост ирсэн. Одоо тэднийг Швед, БНСУ-ын багууд хүлээж байгаа.

Харин эхний тоглолтод хүчирхэг Германыг хожсон Мексикийн шигшээ баг тайвшрах болоогүй. Үлдсэн хоёр тоглолтын үр дүнг тэд сайнаар өндөрлүүлэх учиртай. Мексикийн фанатууд Москва хотын гудамжинд баярын арга хэмжээг хийсэн бол нутагтаа үлдсэн ард түмэн нь тэднээс илүүтэй баяраа тэмдэглэсээр.

Мөн Мексикийн геологийн хүрээнийхэн Ч.Лосаногийн гоолын үеэр орон нутагт газар хөдлөлт мэдрэгдсэн гэдгийг баталжээ. Гэхдээ энэ бол байгалийн гамшиг бус харин баярлаж хөөрсөн олны үймээнээс болсон хэрэг гэж тэд үзжээ.  Баяр дээр баяр нэмсэн Мексикийн шигшээ баг зургадугаар сарын 23-д БНСУ-тай, хэсгийн сүүлийн тоглолтоо зургадугаар сарын 27-д Шведтэй хийнэ. 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж