4096 бөхийг бүртгэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

4096 бөхийг бүртгэж эхэллээ

4096 бөхийг бүртгэж эхэллээ

Монголын үндэсний бөхийн холбоо үндэсний соёлын үнэт өв болох монгол бөхөө дэлхийн дээд амжилтын Гиннесийн номд бүртгүүлэхээр Монголд бас дэлхийд анх удаа 4096 бөхийн барилдаан зохиох гэж байгаа билээ. Уг барилдааны бүртгэлийн нээлтийн ажиллагаа 2011 оны наймдугаар сарын 24-нд МБӨ-ний гадаа ёслол төгөлдөр боллоо. 4096 бөхийн бүртгэлийн нээлтэнд МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан П.Дагвасүрэн, Б.Ганбаатар, улсын шинэ залуу гарьд Ж.Бат-Эрдэнэ, тэргүүлэгч Ү.Хүрэлбаатар тэргүүтэй хүндэт зочид оролцсон агаад МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж нээж хэлэхдээ “Монгол Улсын үндэсний соёлын үнэт өв болох монгол бөхөө дэлхийн дээд амжилтын Гиннесийн номд бүртгүүлэх гэж байна.  Энэ бол манай түүхэнд  алтан үсгээр тэмдэглэгдэх дэлхийн хэмжээний цуутай үйл явдал юм. ӨМӨЗО 2006 онд 2048 бөх барилдуулан “Монгол бөх” гэдэг нэрээр бүртгүүлсэн нь жинхэнэ “Монгол бөх” хаана байдгийг төөрөгдүүлсэн,  үзэмчин /зангиат/ бөхийг Монгол бөх мэтээр дэлхий дахинд ойлгуулахад хүргэсэн тул  бөхийн тооны хувьд тэдний амжилтыг эвдэн, язгуур монгол бөхөө Гиннесийн номд оруулах нь монгол улсын нэр төр, эрх ашгийн асуудал болоод байсан юм. МҮБХ ирэх есдүгээр сарын 17-25 -ны өдрүүдэд Улаанбаатар хотноо 4096 бөхийг нэг дор барилдуулж, Гиннесийн номд бүртгүүлнэ. Монгол бөхөө тойрон хүрээлж, эвлэлдэн нэгддэг Монголчуудын тухайд дэлхийн дээд амжилтад бүртгүүлэх үйлсэд бөхчүүд нь барилдан оролцож, ард түмэн нь  Монгол бөхийн түүхэнд 100 жилд үл давтагдах түүхэн үйл явдлыг нүдээр үзэх  сайхан боломж бидний үед тохиож байна. Монгол бөхөө Гиннесийн номд бүртгүүлэх нь аль нэг байгууллага, хэн нэг хувь хүний эрх ашгийн асуудал биш, улс эх орноо дэлхий дахинаа сурталчлах, нэр төрийг нь  алдаршуулах амин үйл хэрэг тул цээжинд нь монгол зүрх цохилж, Монгол цус судсанд нь гүйж явдаг хэн бүхний сэтгэлээрээ оролцвол зохих, баяр бахдалын түүхэн  ажил юм. Монгол бөх маань Гиннесийн номд бичигдвэл дэлхий дахины чихийг дэлдийлгэн сонорыг мялааж, баялагаараа гайхуулж байгаа тусгаар тогтносон Монгол улсын бас нэг гайхамшигт өв дэлхий дахинаа танигдаж, түүнийг үзэн сонирхох гадныхны цуваа тасрахгүй нэмэгдэх билээ. Иймээс та бүхнийг энэ ажилд онцгой анхаарал хандуулан бидэнтэй хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм.

Мөн энэ үеэр дархан аварга Б.Бат-Эрдэнэ уг барилдаанд зодоглохоо албан ёсоор мэдэгдсэн нь онцлох мэдээний нэг байлаа. Бөхчүүдийн болон дэмжигчдийн гэсэн хоёр бүртгэл зэрэг эхэлсэн бөгөөд дэмжигчдийн бүртгэлд хамрагдсан хүмүүс тодорхой хэмжээний мөнгө хандивласнаар Монгол бөхөө Гиннесийн номонд бүртгүүлэх их үйлст гар бие оролцож, МҮБХ-ноос эрхлэн гаргах номонд зурагтайгаа хамт бичигдэх юм. Энэхүү нээлтийн ёслолд оролцсон дархан аварга Б.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, Д.Данзан болон бусад олон хүн дэмжигчдийн бүртгэлд бүртгүүлж, салхийг нь хагалсан бол барилдах бөхчүүдийн бүртгэлийн салхийг дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй бөхчүүд хагалсан юм.

Эх сурвалж: www.undesniibukh.mn
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж