"30 мянган фермерч, үйлдвэрийн эздийг бэлтгэнэ"

Хуучирсан мэдээ: 2018.06.18-нд нийтлэгдсэн

"30 мянган фермерч, үйлдвэрийн эздийг бэлтгэнэ"

"30 мянган фермерч, үйлдвэрийн эздийг бэлтгэнэ"

Монгол Улсад бүртгэлтэй төрийн болон хувийн өмчийн 100 орчим их, дээд сургууль, коллежид 160 гаруй мянган оюутан суралцаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан судалгаагаар жилд 30-40 мянган оюутан сургуулиа төгсдөг ч ердөө гуравны нэг нь эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаг аж.  Өөрөөр хэлбэл, Монголын зах зээлд дээд мэргэжлээс илүү нарийн мэргэжилтэй ажилтан шаардлагатай юм байна. 

Орчин үеийн ажлын байрны хэрэгцээ шаардлагад нийцсэн, ур чадвартай, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхийн тулд Монгол Улсын Засгийн газар ХБНГУ-тай хамтран ‘Ажилсаг Монгол’ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөрийн хүрээнд 2030 он хүртэл 30 мянган хүүхдийг нарийн мэргэжлээр сургаж, ирээдүйд фермерч, үйлдвэрийн эздийг төрүүлэхээр бэлтгэж байна. 

Иймээс Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Холбооны Бүгд найрамдах Герман улсын /ХБНГУ/ олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол”үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр /2018.06.18/ Налайх дүүрэгт  зохион байгууллаа.

хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт нийлүүлэлтийн харьцаа алдагдчихсан байна

Зөвлөгөөний үеэр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд тулгамдаж байгаа асуудлын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг ийн ярилаа. Тэрбээр  “Үе үеийн Засгийн газар МСҮТ-д ач холбогдол өгч ирсэн хэдий ч зарим асуудлыг шийдэж чадаагүй л байна. Хөдөлмөрийн зах зээлд дутагддаг нийт ажлын байрны эрэлт хэрэгцээний 70 хувь мэргэжилтэй  ажилтан юм.  Гэтэл сүүлийн жилүүдэд мэргэжлийн сургуулиудыг зорин ирж байгаа элсэгчдийн тоо буурсан. Энэ жил элсэгчдийн тоо тодорхой хэмжээгээр өсөх болов уу гэсэн эерэг хүлээлттэй байна. МСҮТ-ийг хөгжлийн шинэ шатанд гаргаж, төр хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, хөдөлмөрийн зах зээлтэйгээ уялдуулах нэн шаардлагатай байна. МСҮТ-ийн чанарын баталгааг хангах бие даасан байдлыг яаж бий болгох, МСҮТ-д  дадлага хийх орчин үеийн  бааз бий болгох асуудлууд тулгарч байгаа юм. Улсын хэмжээнд 85 МСҮТ байдаг. Ихэнх нь дадлага хийдэг баазтай ч тоног төхөөрөмж нь орчин үеийн нөхцөлд тохирч байгаа эсэх нь эргэлзээтэй. Энэ асуудлыг шийдэхийн тулд цогцоор нь салбар дундын БСШУСЯ, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хоорондын уялдаа холбоогоор Засгийн Газрын туслалцаа мэдээж шаардлагатай байна. Мэргэжлийн сургалтын салбарт багшийн мэргэжлийг дээшлүүлэх, материаллаг баазыг сайжруулах тал дээр гадаадын зээл тусламжийн хүрээнд олон асуудлыг шийдээд явж байгаа” гэв.

сургууль төгссөн хүүхдүүдийн ихэнх нь ажилгүй байна гэдэг харамсалтай тоо

“Ажилсаг Монгол” хөтөлбөрийг санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва  өнөөдрийн зөвлөгөөнийг УИХ-ын чуулганаас илүү цагтаа эхэлсэн гэдгийг онцолж байсан юм. Тэрбээр “Монгол Улсыг Азийн ардчиллын Баянбүрд гэж нэрлэдэг. Энэ нэрийг олохын тулд бид чамгүй хөдөлмөрлөсөн. Би өнгөрсөн амралтын өдрүүдэд Оюутолгойд ажиллаад ирлээ. Монгол залуучууд ямар богино хугацаанд мэргэшиж, дэлхийн үйлдвэрлэлийн технологийг сурч, мундаг ажиллаж байна вэ гэдгийг тэндээс харж болохоор байна. 300 тонны н даацтай машиныг барьж байгаа хүмүүс нь ихэвчлэн эмэгтэй хүмүүс. Тэд 4-5 жил их, дээд сургуульд сурчихаад мэргэжлээрээ ажиллаж чадаагүй ч 3-4 сарын МСҮТ-ийн  сургалтад суугаад л том машиныг барьж сурч байна. 

Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүдийн 80 хувь нь их дээд сургуульд ордог. Тэгээд дээд сургууль төгссөн хүүхдүүдийн ихэнх нь ажилгүй байна гэдэг харамсалтай тоо. Өндөр технологийн үйлдвэр Монгол Улсад орж ирэх үед мэргэжлийн боловсон хүчин шаардагдах нь мэдээж. Монголд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд бааз суурь, оюутан солилцоогоор явуулах, багш нарыг чадавхжуулж оюутнуудад онол болон практикийн хосолсон дадлага хийх бааз суурийг бий болгох хэрэгтэй байгаа юм. Уг нь залуучууд мэргэжлийн боловсролын сургуулийг сонгон суралцсанаар ирээдүйд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж, улс орондоо баялаг бүтээнэ шүү дээ” гэлээ.

хамгийн гол чиглэл бол уул уурхайн салбартай холбоотой  мэргэжлүүд

Герман улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, хөгжлийн хамтын ажиллагааны  хэлтсийн дарга Др.Кристиан Гласс “Монгол Германы хөгжлийн хамтын ажиллагаа сүүлийн 25 жилийн турш үргэлжилж байна. Энэ хугацаанд нийтдээ 400 сая еврогын хөрөнгө оруулалт хийжээ. Мэргэжлийн боловсролын салбарт Монгол Улстай хамтран ажиллаж, Монгол Улсын Засгийн газарт энэ чиглэлийн хөгжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлж байна. Тухайлбал, мэргэжлийн боловсролын салбар дахь үйл ажиллагааны хамгийн гол чиглэл бол уул уурхайн салбартай холбоотой  бүхий  л мэргэжлүүд байна.

“Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” төсөл донор орнуудын санхүүжилттэйгээр хэрэгжиж байгаа. Түүнээс гадна Оюутолгой болон бусад хувийн хэвшлийн байгууллагуудыг энэ үйл ажиллагаанд оролцуулж байгаагаараа  төр хувийн хэвшлийн түншлэлийг мэргэжлийн боловсролын салбарт амжилттай хэрэгжүүлнэ гэж үзэж байна. Нөгөө талаасаа Монгол Улсын хөдөлмөрийн яамтай хамтраад  нягт ажилладаг гэдгийг дурдах нь зөв байх” гэв.

Зөвлөгөөн эхний өдөр Налайх дүүргийн МСҮТ сургуульд болсон бол хоёр  дахь өдөр буюу маргааш Төрийн ордонд болно. Сүхбаатарын талбайд мөн мэргэжлийн боловсрол эзэмшиж буй хүүхэд залуучуудын өөрсдийнх нь хийж бүтээсэн бүтээлийн үзэсгэлэнг гаргаж,  суралцагчдын ур чадварын үзүүлэн тоглолт хийхийн зэрэгцээ сургуулийн танилцуулгыг нийтэд хүргэж аж.

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж