Хуучирсан мэдээ: 2018.06.18-нд нийтлэгдсэн

Мэдэгдэл

Өвөрхангай аймгийн засаг дарга асан Д.Тогтохсүрэн “Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл санаачлан Монгол улсын 316 сум, суурин газарт ажиллаж амьдарч байгаа эгэл жирийн Ус цаг уурчид бидний эсрэг үйл ажиллагаа санаачлан боловсруулж, батлуулахаар явж байна. Ус цаг уурчид бид эзэмшсэн мэргэжилдээ хайртай, энэ ажлынхаа төлөө хоёргүй сэтгэлээр өдийг хүртэл ажиллаж амьдарч байгаа билээ, хэдийгээр цалин хөлс бага, жагсаал цуглаан хийгээд байгаа эмч, багш нарын нэгэн адил ар гэр, үр хүүхдээ тэжээхийн төлөө халуунд халж, хүйтэнд хөрж ажил үүргээ гүйцэтгэж байгаа боловч төсөв, санхүүгийн хүндрэлтэй байдлыг ойлгож, өнөөдрийг хүртэл төр, засагтаа хандаж байгаагүй болно. Бид нэг ч хором ус цаг уурын байгууллагыг эзгүй орхиогүй. Гэвч бидний хоёр дахь гэр болсон Ус цаг уурын байгууллагын нэгдсэн тогтолцоог өөрчилж, аймаг, орон нутгийн түвшинд мэргэжлийн бус удирдлагын гарт өгөх гэж байгааг бид эсэргүүцэж байна.           

Ус цаг уурын байгууллагын түүхэнд 1990-ээд оны сүүлч, 2000 оны эхээр удирдлагын тогтолцоо өөрчлөгдөж, аймаг, сумдын Засаг даргын мэдэлд өгч байсан гашуун бөгөөд эмгэнэлт түүх бий. Эдгээр он жилүүдэд ус цаг уурын байгууллагын чадавх доройтож, мэдээ, мэдээллийн чанар туйлын хангалтгүй, өртөө, харуулууд олноор хаагдаж, боловсон хүчний нэгдсэн бодлого алдагдаж,    10 жилийн боловсролтой хүмүүс, засаг даргын тамгын газрын эрх мэдэлтнүүдийн хамаатан садан, гэр бүлийн хүмүүс ажиллаж, ус цаг уурын үйлчилгээний чанар туйлын хангалтгүй байсныг түүх гэрчилнэ.

Сонгуулиас сонгуулийн хооронд 4 жилээр томилогддог Засаг ноёд 137  сумын Цаг уурын өртөөний дарга, ажиглагчид,  183 сумын Цаг уурын харуулын ажиглагчийг томилдог болж, Ус цаг уурын байгууллага нь үндсэндээ мэргэжлийн бус удирдлагатай Засаг ноёноос 100 хувь хараат болно гэсэн үг.

Аймаг, сумын Засаг даргын эрх мэдэл багадаагүй, харин ч эсрэгээрээ дураараа дургих явдал газар авч байгааг бид мэднэ.

Иймд залуучууд бидний санал, хүсэлтийг сонсохгүй бол бид эсэргүүцлийн дараагийн хэлбэрт шилжиж, Ус цаг уурын байгууллагын эрх ашгийн төлөө тууштай тэмцэнэ гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

Залуучуудаа олуулаа нийлбэл бид хүчтэй гэдгээ харуулцгаая.

УС ЦАГ УУРЫН САЛБАРЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО

2018 оны 06 сарын 18

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж