УИХ өнгөрсөн Пүрэв гаригийн /2018.06.14/ хуралдаанаараа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн, буцаах шийдвэрийг гаргасан нь татварын шинэчлэлийн ач холбогдлыг үгүй хийсэн алхам болсон гэж Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын /МҮХАҮТ/ Удирдах зөвлөл болон Тэргүүлэгчид үзэж байна.
Тэдний хэлж байгаагаар ‘ААНОАТ-ын тухай хуулийн төсөлд ААН, бизнес эрхлэгчдийг татвар төлөлтөд жигд хамруулах, гадаадын ААН-д татвар ногдуулах, татварын суурийг өргөтгөх, улсын төсөвт нөлөөлөх эерэг заалт оруулснаас гадна 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй албан татвар төлөгчид татварын хөнгөлөлт үзүүлэх олон таатай боломжууд бүрдэх заалтууд туссан байсан’ гэдгийг онцолж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл, МҮХАҮТ-ын Тэргүүлэгч Д.Бямбасайхан нар өнөөдөр /2018.06.18/ мэдээлэл хийлээ.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав:
Өнгөрсөн хугацаанд У.Хүрэлсүхийн Засгийн газар татварын шинэчлэлийн тухай хуульд нэлээд ач холбогдол өгч ирсэн. Татварын системийн өөрчлөлтөөр онолын болон татварын эрх зүйн хувьд Үндсэн хуулийн гол агууламжийг агуулсан хуулийн систем хэрэгтэй гэдэгт манай танхимын зүгээс ач холбогдол өгч идэвхтэй оролцож ирсэн. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд 5400 орчим санал, хүсэлтийг иргэд, аж ахуй нэгж байгууллагаас авч тусгасан. УИХ-ын гишүүд тус хуулийн төслийг дэмжээгүй үйл явцыг харахад, татварын системийг баялаг бүтээгч нарт, ААН-д хэрэгтэй систем гэдгийг олж харахгүйгээр зөвхөн улс төрийн өс хонзон авах үйл явц явагдсан. Шууд хэлэхэд, огцорсон Засгийн газар тус хуулийг унагаахын төлөө л ажилласан.
Татварын шинэчилсэн хуулийн найруулга нь багц бүртгэлийн системд үндэслэсэн системийн өөрчлөлт. Хаана орлого орж байна тэр бүхнийг бүртгэх, татвар авах, татвар авч байгаа нь зах зээлийн эзэн байх ийм л хуулийн өөрчлөлт юм.
Сүүлийн 27 жилд татвар төлж байгаагүй эсвэл нийтийн татварын мөнгөнөөс тендер авдаг цаашлаад улс төрийн зорилгоор хувь хүртдэг улмаар хар зах зээлийг хумих хүсэлгүй хүмүүс татварын шинэчлэлийн системийг нэвтрүүлэхийн эсрэг байгаа гэж харагдаж байна. Тухайлбал, НӨАТ-ыг нэвтрүүлэх үед тухайн үеийн сөрөг хүчин маш балмад үйл ажиллагаануудыг явуулж ирсэн. Гэтэл өнөөдөр жимсийг нь хурааж байгаа. Үүний үр дүнд татварын бүх орлого биелсэн. Хар зах зээл хумигдаж байгааг улстөрчид олж харж чадахгүй байна. Буцаагдсан ААНОАТ-ын тухай хуулийн гол амин сүнс нь ААН, бизнес эрхлэгчдийн өсөж, өндийх, өтлөх үед нь тохирсон системийг тусгаж өгсөн.
Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс доош ААН-үүд жилд 1 удаа тайлагнаж, нийт орлогын 1 хувиар татвар төлөх боломж олгоно. 50-1.5 тэрбум төгрөгийн орлоготой ААН-үүд жилдээ хоёр удаа тайлагнаж, 1.5-6 тэрбум хүртэл жилдээ 4 удаа тайлагнаж, 10 хувиар татвар төлөх харин жилийн борлуулалт 6 тэрбум төгрөгөөс дээш бол 25 хувиар татвар төлнө гэсэн гол тоон үзүүлэлтүүд тусгагдсан.
Тодорхой хэмжээгээр тайлангаа гаргаж өгөөд татвар авахад ямар ч асуудал байхгүй. Өнөөдрийн нийгмийн бүх ядуурал татварын зөв систем байгаагүйтэй холбоотой. Чуулганы үеэр хуулийг хэлэлцэхдээ тодорхой нэг ААН-ийн нэр, эсвэл аль нэг салбарыг хэт дөвийлгөх үйл явц илүүтэй харагдсан. Татварын систем нь лоббиноос ангид явагдах ёстой. Лоббид оруулахгүйн тулд өнгөрсөн хугацаанд танхим болон Сангийн яамны зүгээс зарчмаа баримталж ирсэн. Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар дахин оруулж, татварын шинэчилсэн найруулгын багц гурван хуулийг хэлэлцэж өгөхийг гэж хүсэж байна.
“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл:
Татварын шинэчилсэн хуулийн төсөл нь ААН цаашлаад хувь хүмүүст маш хэрэгтэй хууль байсан юм. Татварын хуулиар дамжиж улс орон болоод тухайн ААН хөгжиж дээшлэх орчин нь болдог. Ялангуяа шинэчилсэн хуулийн төсөлд тусгагдсан ААНОАТ-ын тухай хуулийн төсөл нь дөнгөж бизнес эрхэлж байгаа, гарааны бизнес эрхлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчид маш таатай хууль болох байлаа. Ингэснээр жижиг дунд үйлдвэрээ хөгжүүлэх, ажлын байр олноор бий болгох зэрэг улс орон болоод бизнес эрхлэгчдэд таатай боломжууд бүрдэх байсан. Ийм чухал хуулийг УИХ-ын гишүүд унагаасанд харамсаж байна. Хуулийн зохицуулалтгүйн улмаас өнгөрсөн хугацаанд далд эдийн засаг маш их байлаа. Шударгаар үйл ажиллагаа явуулдаг хэдэн ААН нь бүгдийг үүрч явдаг ийм л тогтолцоо явж ирсэн.
МҮХАҮТ-ын Тэргүүлэгч Д.Бямбасайхан:
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн үзэл баримтлал нь бизнес эрхлэгчдэд маш их хүлээлт үүсгэсэн байсан. Гэвч УИХ-ын гишүүд унагаасанд ихэд харамсалтай байна. Монгол Улс сүүлийн зургаан сарын дотор 750 тэрбум төгрөгийн өр дарсан. Үүний 650 тэрбум нь үндсэн зээл, 100 тэрбум нь хүү. Энэ их өрийг татвар төлөгчийн мөнгөөр л дарсан. Өнөөдөр татварын системээ ухаалаг, ил тод бүртгэлтэй болгосноор их өрнөөсөө арай хурдан салах, цаашлаад бизнес эрхлэгчдийн хэтийг төлвийг тодорхой болгох ач холбогдолтой. Угтаа бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж өгөөч гэж ард түмэн тэднийг сонгосон юм. Ширээ, сандал, албан тушаал тойрсон элдэв асуудлыг сунгаж хэлэлцдэг шигээ улс эх орны язгуур эрх ашгийн асуудалд ул суурьтай, ухаантай хандаасай гэж хүсч байна.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав тус хэвлэлийн хурлын төгсгөлд хэлэхдээ “Ил тодын хууль батлагдсаны дараа 34.5 их наяд төгрөг буюу 17 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний ажил үйлчилгээг 33 мянган компани ил болгосон. Төр татвараа авч чаддаг байсан бол энэ 33 мянган компаниас улсын төсөвтэй тэнцэх хэмжээний татвар авах боломжтой байсан. Мөн НӨАТ-ын тухай хууль хэрэгжсэнээр 88 мянган цэг дээр орлогыг бүртгээд авч чаддаг болсон. Цаана нь дахиад 80 мянган цэг байгаа. Бүх салбар нийлээд 160 мянган цэгт орлого олдог.
Татварын багц гурван хууль батлагдсаны дараа дагалдаж 40 гаруй журам батлах ажил байгаа. Журмуудыг зөв хийхгүй бол журам дээр хамгийн их “но” ордог. Журмаар дамжиж ААН, иргэдийг боодог, татвар өгдөггүй, авлига авдаг бүх систем тэнд бий болдог. Энэ бүхнийг шинэчилсэн хуулиар байхгүй болгож байгаа юм.
Мөн Банкны тухай хууль УИХ-д орж ирж байгаа. Уучлаарай 500 гаруй тэрбум төгрөгөөр банкуудыг тэтгэнэ гэж юу байсан юм бэ. Монголыг хамгийн их хямралд аваачсан банкны систем яагаад дандаа лоббигоор ингэж мөнгө хийж явдаг юм бэ. Тийм учраас энэ их том мөнгө, татвар, даатгал, иргэдийн хадгаламжид байгаа энэ их мөнгөнд МҮХАҮТ хараа хурц байхгүй бол үүний цаана олон зүйл байна.