Монголын худалдаачдын холбоо болон ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо хамтран өнөөдөр /2018.06.18/ хэвлэлийн хурал зарлан нийслэлийн Засаг дарга С. Батболд болон НИТХ-ын дарга С. Амарсайхан нарт ил захидал хүргүүлэх болсноо мэдэгдэв.
Ил захидлаар дамжуулж, Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам удахгүй НИТХ-аар батлагдах гэж байгаатай холбоотойгоор ТҮЦ эрхлэгчдийн эрх ашгийг тусгаж өгөхийг хүсэж байгаа юм байна. Мөн энэхүү журамтай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол, ард нийтийн зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж өгөхийг хүсэв.
Монголын худалдаачдын холбооны тэргүүн З. Пунсалдулам “Өнөөдөр худалдаачид тулгамдаж байгаа хамгийн тулгамдсан асуудал бол ТҮЦ ачилт. Хотын дарга ТҮЦ эрхлэгчдээр оролдохоо зогсоох ёстой. Худалдаа үйлчилгээ эрхлэх нь зөв амьдралын эхлэл. Бид эх орондоо элбэг хангалуун амьдрахыг хүсэж байна. Гэтэл амьдралд нийцээгүй элдэв дүрэм журам батлах түүнийгээ дагаж мөрдөхийг шаардах нь хэрээс хэтэрч байна. Бид асуудлыг ухаалгаар шийдэх үүднээс энэхүү ил захидлыг хүргүүлж байна. Монголын төр худалч байж болохгүй. Бидний төлөөллөөс авч уулзаж, бидний саналаас журамд тусгаж өгөхийг хүсэж байна’ гэв.
Монголын худалдаачдын холбооны гүйцэтгэх захирал В.Мөнхтуяа ‘УИХ-ыг бидний төлөө ажилладаг болтол нь тэмцэнэ. Бид эх орондоо ядууралгүй, эрүүл энх амьдрахыг хүсч байна. Бидний хүслийг төрөөс дэмжиж, хамтран ажиллахын оронд амьдралд нийцээгүй хууль, стандарт гэгч худалдаачдын сонирхлыг харгалзахгүйгээр тогтоож, түүнийгээ мөрдүүлэхээр олон шат дамжлага бүхий хүнд суртлыг бий болгож, авлига хээл хахууль, торгууль, шийтгэл гэх нийгмийн сөрөг мэдэгдэлд шантарч байна. Төрөөр өрөвдүүлэх гэсэнгүй, гагцхүү бидэнд бүү саад болооч.
Худалдаачдын 80-90 хувь нь өдрийн зээлийн дарамтанд орж байна. Худалдаачдад зориулсан төрийн бодлого хэрэгтэй байна. Эдийн засгийн нөхцөл байдал, худалдан авах чадвар муудаж, ажилгүйдэл ихсэхийн хэрээр худалдаа наймаа, ашиг орлого багасаж байгаа нь худалдаачдын тулгамдсан асуудал юм.
300,000 гаруй худалдаачин байгаа тэдний 70 хувь нь өрийн дарамтанд, 80 хувь нь төрийн дарамтанд худалдаа наймаа хийж байна’ гэв.