Улаанбаатар-Улаангом чиглэлд өчигдөр нислэг үйлдэх байсан “Изинис эйрвэйс” компанийн онгоц саатжээ. "Өдрийн сонин"-д мэдээлснээр нислэг 11.15 цагт Улаангомыг зорих байсан ч зорчигчид суусны дараа тус онгоцонд саатал гарсан тухай үйлчлэгч нь тайлбарлаж, нислэгийг нэг цагаар хойшлуулсан байна. Үүнээс хойш цаг орчмын дараа зорчигчдыг суулган хөөрсөн ч дахин эвдрэл гарсныг тайлбарлаж, ослын буулт хийсэн байна. Ингэээд өчигдөр оройн 17.00 цагт тус онгоцоор нислэг хийх боломжгүй гэдгийг албаны ёсоор мэдэгдэн, нислэгийг өнөөдөр 11.15 цаг хүртэл хойшлуулжээ.
“Изинис эйрвэйс”-ийн онгоц нислэгийн үеэр анхааруулгын дохио дуугарсан учир инженер, техникийн ажилтнууд нислэгийг хойшлуулж, үзлэх хийхээр болж. Нислэг хойшилсноос үүдэн “Изинис эйрвэйс” компани зорчигчдын хохирлыг барагдуулан нөхөн олговор олгох журмын дагуу Улаанбаатарын зорчигчдыг гэрт нь хүргэж өгөн, 20 мянган төгрөг олгосон бол орон нутгийн иргэдийг зочид буудал буулган, хоолны зардлыг хариуцсан тухай “Өдрийн сонин”-д мэдээлжээ.