‘Битлз’ хамтлагийн дуучин Пол Маккартни өнөөдөр нас 76 хүрлээ. Пол Маккартни 1942 оны зургадугаар сарын 18-нд Ливэрпүүл хотод төрсөн юм. Маккартни одоо энэ насан дээрээ дэлхийгээр тойрон аялж дуулсаар явна. Бас түүний 1968 онд зохиосон “Mother Nature’s Son” дууных нь 50 жилийн ой энэ өдрүүдэд давхар тохиож байгаагаараа онцлогтой.
Битлзийн ихэнх дууг Жон, Пол хоёр голлон хамтдаа зохиосон. Дуугаа нэг нь эхэлж сэдэж санаа гарган хоёулаа гараас гаргадаг байв. “Mother Nature’s Son” дуунд нь Полын утга агуулга илүү шингэжээ. Байгаль ижийгээ хайрлан дуулсан гайхалтай гоё магтуу. Тавин жилийн өмнө зохиогдсон гэхэд энэ дуу өнөөгийн ертөнцөд ямар их хэрэгтэй гэж санана. Ер нь Битлзийн дөрвөл тэртээ жараад онд их л холыг харж дуу хөгжмөө бүтээжээ. Одоо цаг үед дутагдаж байгаа хүн хүнээ хайрлах сэтгэл, эв нөхөрлөл, байгаль ижийгээ энэрэх тухай тэд дуулсан. Ийм болохоор дуунуудыг нь өнөөдрийн хүмүүс дуулж уяран сонсох дуртай.
Дэлхий дээр болдог хамаг л том баяр наадам Битлзийн дуугаар эхэлдэг нь ч ийм учиртай. Хөг аялгуу нь хүмүүст дохио сануулга өгсөөр байна. Дууг нь хаа сайгүй эгшиглүүлж, гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнгээр илүү чангаар цууриатуулмаар байна даа. Бас нэг шигтгээ байна, “Mother Nature’s Son” дуунд гардаг цэцэг жимстэй цэцэрлэг, гол горхи хоржигносон байгаль ижийн хишигтэй нэг гол нутаг болох Дархан аймгийн Орхон сумын 50 жилийн энэ зун бас болж байгаа. Орхоны жимс ногооны Сангийн Аж Ахуй гэж анх үүссэн шүү дээ, Битлзийн энэ дуу, Орхон сум хоёр үе чацуутан юм аа.
Ө.РАГЧААСҮРЭН
Орхоны хөндий