Өнөөдөр /2018.06.18/ өглөө орон нутгийн цагаар 8 цагийн орчимд Японы баруун хэсгийн Осака хотын нутаг дэвсгэрт 6.1 магнитудын газар хөдлөлт болж 3 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн гэмтжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн хоёр нь ахмад настан, нэг нь 9 настай хүүхэд байсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Газар хөдлөлтийн улмаас 170,000 гаруй байр, орон сууц гэрэл цахилгаангүй байгаа аж. Мөн зарим чиглэлийн галт тэргүүд зогссон учраас аялал жуулчлалын гол бүсүүд хүнд байдалд ороод байна.
Японы засгийн газар газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэлээ илэрхийлсэн байна. Газар хөдлөлтөд гэмтсэн хүмүүст анхны тусламжийг яаралтай үзүүлж байгаа юм. Японд болсон газар хөдлөлттэй зэрэгцэн орон нутгийн цагаар өглөөний 8.30 цагт Гватемалын Escuintla мужийн нутагт 5.6 магнитудын газар хөдлөлт болсон юм. Азаар хүний амь үрэгдсэн, гэмтэж бэртсэн хүн байхгүй байгаа аж.