"А.Сүхбат сэргээшт холбогдсон ч хариуцлага хүлээгээгүй"

Хуучирсан мэдээ: 2018.06.18-нд нийтлэгдсэн

"А.Сүхбат сэргээшт холбогдсон ч хариуцлага хүлээгээгүй"

"А.Сүхбат сэргээшт холбогдсон ч хариуцлага хүлээгээгүй"

УИХ-ын гишүүн А.Сүхбат /2018.06.18/ мэдээлэл хийж, Үндэсний их баяр наадмаар бөхчүүдийн дунд үймээн үүсч, зарим бөх барилдахгүй бол хариуцлагыг нь Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хариуцна гэсэн юм. Харин үүнд Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тайлбар хийсэн юм.

Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Бид ээлжит чуулганаа зохион байгуулсны дараа санал нийлэхгүй байгаа хүмүүстэйгээ уулзаж, шинэ бүрэлдэхүүнээ танилцуулж, тайлбараа хэлсэн. Нөгөө талаас Л.Чинбат, А.Сүхбат нарын байр суурийг сонсч, би өөрөө ч дахин Монголын бөхийн холбооны даргад нэр дэвшихгүй гэдгээ ч хэлсэн. Бид бол байнга санаачилга гаргаж, Цэцдийн зөвлөл, Их эеэ хуралдуулах гээд асуудлуудаа ярилцаад шийдсэн. Үүний дагуу Их эе хурлаа зохион байгуулахаар 11 хүний бүрэлдэхүүнтэй, олонхоороо шийдэх боломжтой хурлын комисс байгуулсан. Гэвч нөгөө талаас заан Ж.Ганболдыг эсэргүүцээд эхэлсэн. Түүнээс хойш эв зүйгээ олох, саналаа илэрхийлсээр ирсэн. Түүний дараа Л.Чинбат аваргуудтай уулзсан. Тэр уулзалтаар Цэцдийн зөвлөлийн даргаар Ү.Хүрэлбаатар, Б.Гантогтох нарыг томилох саналаа илэрхийлэхэд нь бид хүлээн зөвшөөрсөн. Гэвч өмнөх саналуудаа өөрчилж, дахин өөр хүмүүсийг нэр дэвшүүлэх, солих асуудал ярьж эхэлсэн. Бидний зүгээс тэдний тавьсан саналуудыг Их эе хурлаараа шийднэ гэдгээ тайлбарласан. Ийм л нөхцөл байдалтай байна. 

-Наадмаас өмнө Их эе хуралдахгүй нь. Тэгэхээр энэ жилийн наадмаар маргаангүй, үймээнгүй наадам болох уу гэдэг эргэлзээ төрүүлж байна.  Хэрэв бөхчүүд барилдахгүйд хүрвэл хэн хариуцлага хүлээх вэ?

-Баяр наадмын комиссын дарга аваргуудыг хүлээн авч уулзсан. Аваргууд зөрчилдөөд байгаа зүйл байхгүй. Монгол бөхийн жудаг, уламжлалаар үлгэрлэсээр ирсэн. Төрийн баяр наадам хуулиараа зохион байгуулагдаад ирсэн. Барилдаанд оролцохгүй гэх бөх гарахгүй байх. Хэн нэг нь оролцохгүй бол оролцох хүмүүс нь оролцоод, авдаг цолоо аваад явах байлгүй дээ. Хамгийн ноцтой асуудал бол допингтой холбоотой асуудал. Хуучин бөхийн холбоо л допингийн асуудлыг гаргаж ирж, асуудалд өөрөөр хандаад байгаа юм шиг мэдээлэл өгөөд байх юм. Допингтой холбоотой асуудлыг хэдхэн сайн дурын хүмүүс ТББ хийж, хүмүүсийн эрхэд халдаж байна гэх буруу ойлголтыг яриад байгаа. Гэтэл Монголын допингийн байгууллага дэлхийн Допингийн эсрэг байгууллагын салбар байгууллага гэж бий. Энэ байгууллага бүх л спортын тамирчдаас допингийн шинжилгээ авдаг. Допингтой холбоотой асуудал дээр хатуу байр суурьтай байгаа. Өнөөдрийг хүртэл бид эв, зүйгээ олохын төлөө ажиллаж байгаа гэдгээ үргэлж илэрхийлж байгаа.

-Монголд анх удаа допинг хэрэглэсэн, ийм асуудалд нэр холбогдож байсан анхны бөх нь А.Сүхбат аварга. Тухайн үед түүнд ямар нэг хариуцлага хүлээлгэж байсан уу?

-Огт тооцож чадаагүй. Одоо яг тийм маягаараа явж байна. Эмчийн магадлагаа гаргуулаад түүгээрээ асуудлаа шийдүүлэхээр явж байгаа. Дэлхийн аль ч спортын төрөлд байдаггүй зүйл. Допинг нэгэнт илэрсэн бол түүнийг нь эсэргүүцдэг улс, тамирчин байхгүй.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж