Д.Дэмбэрэл Хятадын коммунист намынхантай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Д.Дэмбэрэл Хятадын коммунист намынхантай уулзлаа

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Засгийн газрын урилгаар манай улсад айлчилж байгаа БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн, Төв Хорооны Улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав.

Сайн хөршийн найрсаг харилцаанд түшиглэсэн хоёр орны хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн бүхий л талыг хамран улам бүр гүнзгийрч, улмаар стратегийн түншлэлийн түвшинд хүрээд буйд сэтгэл ханамжтай буйгаа УИХ-ын дарга уулзалтын эхэнд тэмдэглээд хоёр орны харилцаанд бэрхшээл хүндрэлтэй ямар нэгэн асуудал байхгүй нь харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулахад нэн дөхөм юм гэдгийг онцлов. Тэрбээр ноён даргын энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, энэ оны эхний хагаст Ерөнхий сайд нарын хэмжээнд ярилцаж тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Хоёр орны харилцааг улам өргөжүүлэх, иргэд хоорондын харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд хоёр орны парламент чухал үүрэг гүйцэтгэж буйг УИХ-ын дарга уулзалтын үеэр дурьдаад 2008 онд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга ноён У Бангуогийн урилгаар тус улсад хийсэн айлчлал нь чухал ач холбогдолтой болсныг онцлов. Мөн УИХ-д Монгол-Хятадын парламентын томоохон бүлэг ажилладаг, энэ бүлгийг УИХ-ын нэг дэд дарга ахалдгийг дуулгаад УИХ, БХАТИХ цаашид ч хоёр орны харилцааг өргөжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа дурьдав.

Ноён Жоу Юнкан хэлэхдээ, би Монгол Улсад анх удаа айлчилж байна. Онгоцны буудалд хөл тавихаас эхлээд монгол нөхөд маань халуун дотно угтаж авсанд сэтгэл нэн өндөр байна гээд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга ноён У Бангуон мэндчилгээг УИХ-ын даргад уламжлав. Урьд нь Засгийн газрын түвшинд ярилцан тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгох замаар хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлж, шинэ агуулга, бодит хамтын ажиллагаагаар баяжуулахын төлөө байгаагаа тэрбээр онцлоод Монголын эдийн засгийг хөгжүүлж, уул уурхайн салбарыг өргөжүүлэхэд БНХАУ тус дэм үзүүлэх болно гэдгээ илэрхийлэв. Мөн хоёр орны худалдаа, соёл, боловсрол, хүмүүнлэгийн харилцааг улам өргөжүүлж, оюутан, залуучуудын солилцоог идэвхжүүлэхийн төлөө байгаагаа дурьдав.

Хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэхэд саад тотгор болох ямар нэг асуудал байхгүйд УИХ-ын даргатай санал нэг буйгаа ноён Жоу Юнкан хэлээд улс төрийн намууд, ард түмнүүдийн хамтын ажиллагааны үр дүнд хоёр орны харилцааг улам өндөр түвшинд хүргэх бололцоотойг онцоллоо.

УИХ-ын дарга уулзалтын төгсгөлд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга ноён У Бангуог Монгол Улсад айлчлахыг урьсан урилга хэвээр буйг дахин нотлоод ноён даргад мэндчилгээ дамжуулахыг хүсэв. Мөн ХКН-ын төлөөлөгчдийн айлчлалд амжилт хүсээд Монгол Улсад тавтай зочлохыг ерөөлөө.

Уулзалтад УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Г.Батхүү, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга Ц.Цэнгэл, албаны бусад хүн байлцав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж