Дорноговь аймгийн Хатанбулаг суманд хууль бус уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа талаар малчид өнөөдөр /2018.6.18/ мэдээлэл хийлээ.
Тус сум нь Монгол Улсын өмнөд хил дээр оршдог. Хилийн тухай хуулийн дагуу хилийн зурвас газрыг ашиглах эрхийг зөвхөн Засгийн газар олгохоор заасан байдаг. Гэвч тус сумын Засаг дарга хууль зөрчин, “Си Өү Эй Эл”, “Их говь энержи” зэрэг компанид уул уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгожээ.
Хатанбулаг суманд одоогоор 16 аж ахуйн нэгж нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа явуулж байгаа аж. Үүнээс улбаалан 7-50 метр өргөн, дөрвөн салаа, 170 км зам бий болж, тоос их хэмжээгээр ялгарч, малчид малаа бэлчээх газар хомсдоод байгаа ажээ.
Хурлын үеэр тус сумын малчин А.Баярсайхан “Манай суманд нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаа явуулснаар хоёр дахь Цагаан хадыг байгуулах гээд байна. Бид төрийн бус байгууллага байгуулан энэ хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг сумын Засаг даргаас удаа дараа шаардсан ч хүлээж авсангүй. Тиймээс Засгийн газар Хилийн тухай хуулиа мөрдөж, энэ хууль бус үйл ажиллагааг шийдвэрлэхийг шаардаж байна” гэлээ.
Нутгийн иргэд 1000 гаруй хүний гарын үсэгтэй өргөдлийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өгөх юм байна. Мөн Хилийн тухай хуулийг хэрэгжүүлэхийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга болон холбогдох байгууллагын дарга нараас шаардсан албан тоот хүргүүлэх ажээ.
Р.Ренчиндулам