Кампучийн ханхүү, ерөнхий сайд асан Нородом Ранарит, түүний эхнэр Оук Фалла нарын сууж явсан машин осолдож ханхүү бэртэж, эхнэр нь нас барсан талаар хэвлэлүүд шуугиж байна. Албаныхны мэдээлж байгаагаар тэд Кампучийн баруун өмнөд рүү чиглэн чухал уулзалтад оролцохоор явж байсан гэжээ.
Ханхүү Нородом Ранарит, түүний эхнэр Оук Фалла нарыг Преа Сианук мужийн орон нутгийн эмнэлэгт хүргэн яаралтай тусламж үзүүлсэн боловч ханхүүгийн эхнэр шархаа дийлэлгүй нас барсан гэжээ. Ханхүүгийн биеийн байдал тун хүнд байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Ханхүү Нородом Ранарит нь 1993-1997 оны хооронд Кампучийн ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед хамтарч ажиллаж байсан одоогийн ерөнхий сайд Хун Сентай таарамж муутайгаас албан тушаалаа өгч байсан юм. Түүнээс хойш улс төрөөс хэсэг хөндийрч байгаад 2015 онд эргэн ирсэн байна.