Д.Энхмандах: Би хуулийнханд итгэж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Д.Энхмандах: Би хуулийнханд итгэж байна

Одоогоос таван сар гаруйн өмнө Д.Энхмандах гэх эмэгтэй хэвлэлийн хурал зарлаж, залилангийн хэрэгт гүтгүүлсэн тухайгаа мэдэгдэж байлаа. Хэсэгтээ хэвлэл, мэдээллийнхний анхаарлыг татаж байсан энэ хэргийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд 10.00 цагт эхлэхээр төлөвлөгдөөд байгаа юм.

Тухайн үед Д.Энхмандах “Өөрийг нь албан тушаалтнуудын авлигын хэргийг илчлэх баримтуудыг холбогдох газарт нь өгнө” гэсэн мэдэгдлүүдийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байсан юм. Д.Энхмандахтай өчигдөр уулзаж ярилцсанаа хүргэе.

Д.Энхмандах  одоогоор Долоон буудлын эцсийн буудлаас  холгүй, хоёр давхар тоосгон /нийтийн байр/ байрны жижигхэн  өрөөнд амьдарч байгаа аж. “Эгч нь өөрийн гэсэн гэр оронгүй болоод удаж байна. Хэдэн хүүхдээ бодоод айлаас айлд амь зогоож явна. Энэ байрыг миний охины найз нь олж өгсөн, охин маань ажил хийж түрээсийг нь төлдөг юм” гэлээ. Тэр  умгар өрөөндөө 2-20 насны дөрвөн хүүхэдтэйгээ  амьдардаг. Том хүү нь тусад орж,  алтны уурхайд ажилладаг болсон гэнэ. Таван хүн  амьдрахад дэндүү жижигхэн  өрөөндөө гудас хөнжил, аяга, халбага, усны сав, ширээ сэлтхэн байрлуулжээ. Бусдын бичиг баримт ашиглан банкнаас 30 сая төгрөг залилсан, хүний машиныг  15 сая  төгрөгөөр худалдсан хэрэгт холбогдоод байгаа энэ эмэгтэйн амьдралын дүр зураг ийм.

-Таныг бусдын эд хөрөнгө нууцаар зарсан, банкнаас бусдын нэрийн өмнөөс зээл авсан хэрэгт буруутгаж байгаа. Яагаад ийм хэрэгт холбогдсон талаараа ярихгүй юу?

-Хэргийн талаар яривал их урт түүх болно. Ерөнхийдөө гэр бүл салж, эд хөрөнгөө булаацалдаж, тэр маргаандаа намайг ашигласнаас би  өнөөдөр бүх юмны буруутан болоод явж  байгаа юм. Би “Эрдэнэ суварга” компанийн захирал Д.Бат-Эрдэнэ, түүний эхнэр Б.Сувдаа нарын удирдлаган дор гурван жил тасралтгүй ажилласан хүн. Ингэж ажиллахдаа нохой мэт үнэнчээр зүтгэж байсан. Хоёр хүүхдээ хүртэл сургуулиас нь гаргаж, тэдний компанид галч, тогоочоор ажиллуулж байлаа. Гэтэл тэд салах сарних дээрээ тулж, компаниа хуваах, эд хөрөнгөө булаацалдаж, өдөр бүр хэрэлдэж, зодолдох болсон. Би эмэгтэй хүнийхээ хувьд Б.Сувдаа эгчийг хайрлаж, өрөвддөг байсан. Тэгээд л  түүний хэлснээр  хий гэсэн бүхнийг нь хийж байсан юм.

-Эд хөрөнгөө  авахдаа таныг ашигласан гэсэн үг үү. Танд ямар ажил даалгаж байсныг тодруулж болох уу?

-Машин тэргээ зарах, банкнаас зээл авах  гээд  бүх зүйлд нь хамт явж  байсан. Тэр үед компаниа  барьцаалж, зээл аваад, өмгөөлөгч хөлсөлсөн. Хамгийн гол нь  Б.Сувдаа захирал “Надаар юу ч хийлгэсэн би өөрөө хариуцна” гэсэн тамгатай бичиг хийж өгсөн болохоор нь итгээд  гарын үсэг зур гэх болгонд нь зурсан. Д.Бат-Эрдэнэ захирлын хамаатнууд “Эрдэнэ-Суварга” компанид олноороо ажилладаг болохоор  тэдний хөрөнгийг нууцаар зарах нь надад аюултай гэдгийг мэдэж  байсан л даа. Амь насанд аюултай, хэдэн хүүхэд маань яах вэ гээд санаа зовж байгаагаа Б.Сувдаа захиралд хэлэхэд “Өөрөө бүхнийг хариуцна” гэсэн учраас түүнд итгэж, хэлснээр нь ажиллаж байсан.

-Та юуны төлөө тэдний гэр бүлд үнэнчээр ажилладаг байсан юм бэ?

-Эгч нь олон хүүхэдтэй, эцэг эхээ алдсан, өрх толгойлсон хүн. Аав, ээж маань нас дээр гараад ойр  ойрхон бурхан болсон. Би айлын ганц хүүхэд болохоор хамаатан садан гээд байх хүнгүй. Аав, ээжийгээ амьд сэрүүнд Багшийн дээд сургуульд сурч, дараа нь 1998 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төгссөн юм. Тэгээд Архангай аймагт багшилж байгаад хотод нүүж ирсэн. “Эрдэнэ-Суварга” компанид ажиллаж байхад Б.Сувдаа эгч “Таван жил  тасралтгүй, үнэнч ажиллавал гурван өрөө байр өгнө” гэж амласан. Тэгээд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байдаг гэр, байшинг  маань компанийнхаа нэг ажилтанд өгөөд “Хувийн компанид ажиллаж байгаа хүн өөрийн гэсэн гэр оронтой байвал дэмий” гээд би хэдэн хүүхэдтэйгээ компанийнх нь байранд амьдарч байсан юм. Олон хүүхэдтэй надад Б.Сувдаа захирлаас сайн хүн байхгүй юм шиг санагдаж, нойр хоолоо умартан ажиллаж байснаа бодохоор одоо дотор харанхуйлдаг болж. Таван жил ажиллавал өөрийн гэсэн байртай болно гэдэг надад том боломж байсан. Гэтэл  гэр бүл салах болж, үүний гол буруутан нь би болж хувирлаа. Ийм юм болно гэж зүүдлээгүй явжээ. Түүнээс хойш эгч нь зовлон гэж юу байдгийг биеэрээ амсч явна.

-Та Архангайгаас ирээд Д.Бат-Эрдэнийн гэр бүлтэй яаж танилцсан юм бэ?

-Уг нь багшийн ажлаа хийнэ гэж бодож байтал санаснаар болоогүй. Тэгээд таньдаг найзаасаа ажил төрөл сураглаад өгөөч гэж  гуйгаад Д.Бат-Эрдэнэ захиралтай танилцуулж байсан юм. Тэгээд л Д.Бат-Эрдэнэ захирлыг “Улаанбаатар зам засвар, арчлалт” компанийг удирдаж байх үед гэрийн үйлчлэгчээр  нь анх ажиллаж, сүүлдээ хувийн компанид нь  менежер хийж, эхнэрт нь тусалж, ойр дотно болсон. Тэр үед юугаа бодох билээ, амьдралынхаа төлөө л зүтгэхээс өөр юм бодохгүй явлаа.

-Та одоо банкнаас зээл авсан хэрэгт буруутгагдаад байгаа. Зээл авахдаа та Б.Сувдаа гэж хүнтэй хамт явсныг гэрчлэх хүн байгаа гэсэн үү?

-Б.Сувдаа захирал “ХААН” банкнаас 30 сая төгрөгийн зээл авахад нь би хамт очсон юм. Тухайн үед тэр өөрөө бичиг, баримтан дээр гарын үсэг зурсан. Банкных нь ажилтнууд юу  гэж надад зээл өгч байхав дээ. Гэтэл намайг хуурамчаар гарын үсэг зурж, 30 сая төгрөг авсан гээд одоо гүтгээд байгаа. Тэр мөнгөнөөс нь би сохор зоос ч аваагүй хүн. Намайг гарын үсэг зураагүй гэдгийг банкны ажилтнууд ч нотолно.

-Таныг Хөвсгөл руу явуулахдаа Б.Сувдаа захирал юу гэж хэлсэн бэ?

-Нэг  л өдөр би дөрвөн хүүхдээ дагуулаад өмсөх ч хувцасгүй, “Эрдэнэ-Суварга” компанийн байрнаас гарсан. Тэр үед Б.Сувдаа захирал надад 20 мянган төгрөг өгөөд Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд нэг танилындаа  очихыг зөвлөсөн юм. Тэр үед /2007оны долдугаар сар/ Д.Бат-Эрдэнэ захирал надад эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан юм билээ. Намайг явахад Б.Сувдаа эгч “Санаа зовох хэрэггүй. Бүх зүйлийг зохицуулаад хэлнэ” гэж хэлээд  бас л тамгатай бичиг хийж, нэг хувийг нь надад, эх хувийг нь өмгөөлөгчдөө үлдээсэн. Хөвсгөлд очоод хоёр сар гаруй хугацаа өнгөрч байхад цагдаа нар ирээд, намайг онц ноцтой гэмт хэрэгтэн гээд шууд баривчлаад авч явсан. Хоёр нялх хүүхдээ авч явах гэтэл зөвшөөрөөгүй. Тэд замдаа хоёр хоног ан, гөрөө хийж яваад баасан гаригт Улаанбаатарт авчирч, Ганцхудагт хорьсон.

-Ганцхудагт хоригдож байхдаа зулбасан гэсэн. Таны эрүүл мэндийн байдлыг эмч нар мэдээгүй  байсан хэрэг үү?

-Баривчлагдах үедээ би дөрвөн сартай жирэмсэн байсан. Агааргүй шахам орчинд, бие давхар хүн ямар олиг байх вэ. Цус алдаад эмнэлэгт хэвтсэн. Хүүхэд  маань зулбачихсан л даа. Тэгээд л арайхийж батлан даалтад гарсан юм. Дараа нь шүүх хурлын үеэр олон цаг зогсоод гэдэсний эвирхий задарч, эрүүл мэнд үнэхээр хүнд болсон. Эгч нь одоо хурдан алхаж чадахгүй, хүнд юм өргөж чадахаа больсон.

-Танд хэрэг үүсгэснээс хойш олон жил өнгөрлөө. Энэ хугацаанд хуулийн байгууллагад хандсан биз дээ?

-Хандсан. Прокуророо солиулахаар хэд хэдэн удаа хүсэлт тавьсан ч бүтээгүй. Ерөнхий прокурортой уулзах хүсэлт тавьж, Д.Дорлигжав гуайтай уулзсан. Бас төрийн бус байгууллагынхан тусалж, өмгөөлөгчөөр хангасан.

-Та өнгөрсөн гуравдугаар сард хэвлэлд хандахдаа АТГ-т шалгуулах баримт материал байгаа гэж байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Д.Бат-Эрдэнэ захирлыг АТГ-т шалгуулахыг анх Б.Сувдаа эгч санаачилсан. Тэгээд гэр бүлийн хүмүүс болохоор гэр бүлийн маргаан, авч хэлэлцэхгүй гээд миний  гарын үсгийг зуруулаад төрийн гурван өндөрлөг, иргэний хөдөлгөөнүүдэд өгсөн  юм. Ингэж л бөөн дуулиан болсон шүү дээ. Үнэндээ бүх юмны ард Б.Сувдаа захирал байгаа.

-Б.Сувдаа захирал таныг шүүх хурал дээр болон мэдүүлгээрээ яаж буруутгаж байгаа вэ?

-Намайг бөө гээд байгаа. Тэгээд өөрийг нь ховсдоод гарын үсэг зуруулаад байсан л гэж яриад байгаа юм. Сүүлд УМБГ-т тааралдахдаа хоёр ч удаа намайг зодсон.

-Та одоо яаж амьдарч байна?

-Том хүү маань 21 настай Заамар, Ерөө хоёрын дунд явж алт ухдаг. Охин маань энд ажил хийж, энэ  өрөөний түрээсийг төлдөг. Хоёр багийнхаа 21 мянгаар л амь зууж байна. Амьдрал үнэхээр хүнд байна. Үхмээр байсан ч хүүхдүүдээ өрөвдөөд үхэж чадахгүй нь. Ядарсан би эд хөрөнгө, эрх  мэдэлтэй хүний өмнө хүчин мөхөстдөг ч хийгээгүй хэргийнхээ төлөө шоронд суумааргүй байна /уйлав/. Энэ таван хүүхдийг хэн харж хандах билээ. Хуулийн байгууллага шударга үнэний талд байдаг л юм бол үнэн зөвийг олно гэж найдаж байгаа. Би ямар ч байсан эхлээд таван хүүхдийнхээ өмнө гэм хийгээгүй гэдгээ харуулах ёстой. Таван хүүхдээс өөр намайг гэх хэн ч байхгүй энэ үед сайн санаат хүмүүс тусалж, өмгөөлж байгаад баярлаж сууна даа.

Бидний яриа ингээд өндөрлөсөн юм. Хоёр ойтой охин нь уйлагнаж, зургаан настай хүү нь зүрх өвдлөө гээд цаашаа яриагаа үргэлжлүүлэх боломж  байсангүй. Итгэж найдаж, хайрлаж  байсан хүн нь нэг л өдөр өөрийг нь гэмт хэрэгтэн болгосонд голоо гонсойтол гомдож байгаа ч үзэн ядах сэтгэл түүнд  өчүүхэн ч алга. Тэр ярих болгондоо Сувдаа эгч, Бат-Эрдэнэ захирал гэж хүндэтгэн дуудна. Ямартай ч Шүүх хурал өнөөдөр болно. Хэргийг хэрхэн шийдэхийг харах л үлдлээ.

С.Отгонсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж