УИХ дахь намын бүлгүүд уламжлал ёсоор даваа гаригт хуралддаг. Ардчилсан намын бүлэг дөнгөж сая хуралдаж дууссан байна. Хуралдааны дараа мэдээлэл хийгээгүй бөгөөд энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал дээр байр сууриа нэгтгэжээ.
Харин УИХ дахь МАН-ын бүлэг өмч хувьчлалын асуудлыг хэлэлцсэн байна. Засгийн газраас Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж, энэ асуудал нь маргаан дагуулаад байгаа юм. Ялангуяа МИАТ, Төрийн банк, Хөрөнгийн бирж зэргийг хувьчлах, ингэхдээ Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалахаар оруулж ирсэн. Гэвч гишүүдийн зүгээс Хөрөнгийн биржээр дамжуулах асуудал дээр маргаан үүсгээд байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тогтоолд хориг тавьсан. Хоригийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. Ардчилсан намын зүгээс хоригийг тухайн гишүүн өөрөө хүлээн зөвшөөрсөн учраас бүлгээр хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна. Харин МАН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцэхгүй, шууд кноп дарна гэсэн байр суурьтай байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Тиймээс УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах болов уу гэсэн таамаг байна.
Ш.ОЧ