Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд шинээр баригдаж байгаа 150 хүүхдийн цэцэрлэг, 10 ортой хүн эмнэлгийн барилга дээр барилгачдын ажил мэргэжлийн уралдаан болов. Монголын барилгачдын холбоо, Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, ССХОБЗА, ГХБГЗЗҮ-ийн газар, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Барилгачдын холбооноос зохион байгуулсан энэхүү бүтээлч ажилд найман компаний 70 гаруй мэргэжилтэй ажилчид ур чадвараа сорив. Өрлөг угсралтын төрөлд «Одда тайж», «Цагаан сүмбэр», «Хатиган болор» ХХК-ий ажилчин Л.Гомборагчаа, Р.Жаргалсайхан, Баярсайхан, засал чимэглэлийн ажлаар «Гурван тамир», «Одда тайж», «Тамирын цахиур» компаний мэргэжилтэн А.Мягмарсүрэн, А.Одонгэрэл, А.Батмөнх нар тус тус эхний байрыг эзлэлээ. Ажил мэргэжлийн уралдаанаар 83,4 м3 өрлөг, 180,88 м2 шавардлагын ажлыг хоёр өдөрт гүйцэтгэсэн байна. Мөн энэ үеэр аймгийн барилгын инженер техникийн ажилчдын дунд онол дадлагын чиглэлээр сургалт явууллаа.
А.Зул