У.Хүрэлсүхийг ганцаардуулна гэнэ үү

Хуучирсан мэдээ: 2018.06.18-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийг ганцаардуулна гэнэ үү

У.Хүрэлсүхийг ганцаардуулна гэнэ үү

Зодолдсон ч жинхэнэ эр хүн хэмээн магтагдаж нийгэмд жижиг гэхээргүй бүлгийг байлдан дагуулж явсан У.Хүрэлсүх Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр томилогдоод есөн сар болох гэж байна. Өнөөх “Хэрвээ У.Хүрэлсүх намын дарга, Ерөнхий сайд болбол Монголын удирдагчдын дүр төрх Филиппины Ерөнхийлөгч Дутарьтегийн хэмжээнд хүртлээ унана” гэх таамаглал ч хаачив. Цаанаа л цөхрөнгүй төрмөл биш таримал дүр төрхөөрөө мэндчилэх болоод удлаа.

Тэгвэл дараагийн дүр нь юу байх бол. Нутгийн дүү Д.Гантулга нь намын нэрийг хөөдөж бараг л ганц сайн чадчихаад яваад өглөө. Тахимаа өгтлөө өчиг нь буруудаад байсан юм бол анх эхлэхэд нь л УИХ-ын гишүүнээсээ татгалзчихгүй дээ гэх хүн олон байв. Яагаад ийм алхам хийснийг нь “улс төр” гэгчээс ангид авч үзэх арга даанч алга.

Учир нь Д.Гантулгыг УИХ үдсэнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс “амиараа дэнчин тавихаас буцахгүй эр зориг чинь хаачив” гэсэн ам асуусан байдлаар хариуцлагын асуудлыг тавилаа. Уг нь зөв. Гэхдээ хэзээ, яагаад гэдэг нь сонирхолтой байлаа. Мөн зэрэгцээд У.Хүрэлсүх нөхөн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдэв. Энэ бүхэн саяхны явдал.

Харин У.Хүрэлсүхийн эргэн тойрон дахь уур амьсгал “сэрүүсч” ирсэн нь арай эртнийх юм.

Тэрбээр өөрөө үе үеийн намын дарга нартайгаа сөргөлдөхдөө сөргөлддөг ч хэцүү үед нь сэвхийтэл түшээд авдаг, нэр хүндийг нь өргөх ажлыг нам дотроо эсийн төвшинд хийдэг байснаараа онцлогтой.

Нэг ёсондоо “хар нялхаасаа” намдаа зарцлагдан зүтгэж түүндээ сэтгэл хангалуун байж чаддаг улстөрч байлаа. Гэтэл өөрөө эрх баригч намын дарга, Ерөнхий сайд хийгээд ирэхийн цагт ёстой л тойрон хүрээлүүлнэ гэдгийг үзүүлэх байх гэтэл тэгсэнгүй. Түүнийг намын удирдлагаа гэж үзэж “хар бор ажилд” нь зүтгэх хүн ч ховор аж. Юун дарангуйлагч, юун Дутарьте…Нам дотроо, тэр тусмаа УИХ-д 65 гишүүнтэй бүлэг дотроо тоолоход тодорхойгүй, танихад амаргүй эсэргүүцэгчидтэй болов. Тэд сөрөг хүчнийхнээс ч хорлонтой. Наад зах нь сөрөг хүчнийхэн УИХ дахь тооны цөөнөөс ч тэр үү, тун ч голч асуудал хөнддөг, огцруулах асуудлыг хүртэл “ясанд нь тултал” биш “ёс төдий” үүрэг гүйцэтгэх маягаар, тодорхой асуудлаар тавьж байгаа харагдана.

Гэтэл намынхан нь, тэр тусмаа залуус нь ерөөсөө л огцруулахын тулд огцруулахаар, зөвхөн хэвлэлээр голдуу ярьж байна. Үйл явдлын өрнөлөөс харахад аймаг, сум, дүүрэг болон агентлагуудад ажиллаж буй намынхан тун хангалтгүй ажиллаж байгаа нь МАН-ын дарга, Ерөнхий сайдыг “ганцаардуулах операци” хэдийн үүргээ биелүүлж эхэлснийх биз.

УИХ-ын дарга, Нийслэл, аймгийн удирдлагууд, зарим агентлагийн дарга  гээд Ерөнхий сайдад түшиг болох ёстой бүхэн нэг л хөндий, хүйтэн, нөмөргүй….Хэзээ мөдгүй үдэж “шилийг нь хазах” тухай зөгнөсөн бүлэг байгаа нь анзаарагдах болжээ.

У.Хүрэлсүхийн буруу үүнд даанч цөөн харагдана. Хэдийгээр анх ажлаа авмагцаа “намайг хууль зөрчих шийдвэр гаргуулахаар бүү шахалт үзүүлээрэй” гэж захьсан ч бодит байдал дээр “усыг нь уувал ёсыг нь дагана” гэгч болж бүлэглэл бүхний түүвэртэй тэр хамтарч ажиллахаар болсон. Анхандаа шижигнэсэн баг бүрдүүлэх нь гэж найдаж, тийм дүрийг гайхалтай харуулж байсан ч цагийн урсгалд “Газар газрын шувууд гаад гаад дуугарна” гэгчээр бүлэглэлийн уур амьсгал, эрх ашиг аргагүй ялгараад ирсэн. Ийм байдал нь хийж бүтээх ажил ихтэй байхад дарамт болж хувирах учир урагшаа зүтгэсээр л байна. Өрөвдмөөр ч юм даа.

У.Хүрэлсүх гэдэг фигур өөрөө тийм ч шинжлэх ухаанч чанар, гадныхантай дэлхийн хэлээр яриад асуудлаа шийдчих өндөр мэдлэг боловсрол, дипломат тактик байхгүй ч Монголоо гэсэн зорилго зорилт түүндээ хүрэх зориг хангалттай бий. Ээж хүн хэчнээн туниа муутай байсан ч төрүүлсэн үрээ даахгүй байна гээд хаядаггүйтэй адил үүрсэн ачаандаа яаж ч түүртсэн боломжит хугацаанд тэр ажиллана. Харин боломжгүйг хүсэгчид түүнийг хэр удаан тогтоох бол.

Өнөөдөр У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчтэй хардах хүн цөөнгүй харагдана. Магадгүй зорилго нь ойролцоо юм болов уу даа. Хэрэв МАН-ынхан дахин МАНАН ярьж У.Хүрэлсүхийг хардаж харамлаад байгаа бол түүнтэй үзэл бодлоо солилцох хэрэгтэй. Нам нь дэмжихгүй бол, засаг нь, түүний багийнхан дэмжихгүй бол тэр хаана очиж хэнтэй хамтарч олонхийн бүлгийнхний, овлигогүй бүлэглэлийнхний дутагдалтай тэмцэж улс орны эрх ашгийг зөвөөр эрэмбэлж ажиллах вэ.

У.Хүрэлсүх ганцаардуулж буулгаж авч санасандаа хүрнэ гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. У.Хүрэлсүх бол “огцруулна” гэдэг үгээс даанч айхгүйгээрээ өмнөх Ерөнхий сайд нараасаа ялгаатай байж мэднэ. Харин түүнийг огцруулсны дараа улс төрд юу болох вэ. Улс орны амьдралд, эдийн засагт юу болох вэ гэдгийг олонхийн бүлгийнхэн, сөрөг хүчнийхнээс ч дутуу тооцоолж байгаа нь харамсалтай.

Одоо ямар жүжиг өрнөх вэ гэвэл М.Энхболдыг огцруулахын төлөө дажин үүссэн мэт харагдуулна. Хөөрхий У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтэйгээ нийлээд унагаах гэж байна л гэх болов уу. Ийм жүжгийг МАН-ынхан харин ч нэг “Херо”-гоос илүү хийнэ дээ. Харин ард түмэн ийм жүжгийн нэрийг нь сонсоод л үзэх хүсэл нь унтарна. Ямар ч муу улстөрч нам дотроо ганцаардсан ч улс дотроо ганцаардах биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж