Олны нүдэнд ховорхон үзэгддэг АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп хэвлэлийн ажилтнаараа дамжуулан АНУ-ын хил дээр ирсэн хууль бус цагаачдын асуудалд үзэл бодлоо илэрхийлсэн байна. Хэвлэлийн ажилтны хэлж байгаагаар ‘Хатагтай Трамп АНУ-ын хил дээр ирсэн олон мянган цагаач иргэдийг хүүхдүүдээс нь салгаж барьж хорьж цагдаж байгааг харахыг үзэн яддаг. Цагаачлалын хуулинд шинэчлэл хийх хэрэгтэй. АНУ-ын ард иргэд хуулиа дагаж мөрддөг байх хэрэгтэй’ гэжээ.
АНУ-ын хил дээр өнгөрсөн тавдугаар сараас эхлэн хууль бус цагаачдыг эрүүгийн хуулийн системээр баривчлан хорьж 2000 гаруй хүүхэд эцэг, эхээсээ тусгаарлагдсан байдалтай байна. АНУ-ын цагаачлалын хуулинд шинэчлэл орсноор хууль бус цагаач иргэдийг эрүүгийн хуулиар хорих шийдвэрийг АНУ-ын Хууль зүйн яамнаас өнгөрсөн тавдугаар сарын 7-нд батлан танилцуулсан юм.
Дональд Трампын засаг захиргаaны шийдвэрээр цагаачлалын хуулинд өөрчлөлт оруулсан хэдий ч тэд Ардчилсан намынхныг буруутгаад байна. Дональд Трамп твитертээ ‘Ардчилсан нам шинэчлэгдсэн хуулийн заалтыг өөрсдийн дураар замхруулж байна. Хүүхдүүд эцэг эхээсээ салах ёсгүй байсан юм. Тийм учраас л бидэнд Бүгд найрамдахчууд хэрэгтэй байгаа юм. Тэдний хийж чадах зүйл бол эмх замбараагүй байдал үүсгэнэ’ гэжээ.