НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн хүрээнд тойрогтоо хэрэгжүүлж буй “Шинэ шинэчлэл” төслийн талаар танилцуулах уулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон Нийслэлийн орон сууц корпораци ОНӨААТҮГ-ын ерөнхий захирал Н.Сүхбаатар НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.
Энэ төсөл нь 2017-2026 оны хооронд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо буюу Дэнжийн мянгын ‘А’ хэсэгчилсэн талбайд хэрэгжих юм. Дахин төлөвлөлтийн их бүтээн байгуулалтын гүйцэтгэлийг “Бармон” ХХК хийж байна. Төслийн хүрээнд нийт 3471 айлын 72 орон сууц, 1202 автомашины дулаан зогсоол, оффис үйлчилгээний 5 блок барилга байгууламж сүндэрлэх юм. Мөн нийслэлийн хөрөнгө оруулалтаар 120 ортой нэгдсэн эмнэлэг, 360 хүүхдийн цэцэрлэг, 960 сурагчтай дунд сургууль, ногоон байгууламж хосолсон цогц хороолол барихаар төлөвлөжээ.
Төслийн хүрээнд газар чөлөөлөх ажлыг 2015 оноос эхлэн 37 айлыг нүүлгэн 1.8 га газар чөлөөлсөн байна. Түүний дараа нэгдүгээр ээлжийн 468 айлын орон сууцыг барьж эхэлжээ. Одоогоор хоёр блок бүхий 234 айлын орон сууцын барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Мөн төсөл хэрэгжихэд хоёр асуудал тулгарч байгаа гэлээ. Нэгдүгээрт 39 дүгээр сургуулиас “Хүчит шонхор” захын уулзвар хүртэлх 800 метр замын ажил. Энэ замыг хийх хөрөнгө оруулалтыг шийдэх ажлыг нэн түрүүнд хийх шаардлагатай байгаа аж. Хоёрдугаарт, энэ газар байнгын урсацтай гол, булаг байдаг. Тиймээс эргийн боолт хийн, халиа үүсгэж, гол урсгавал аялал зугаалгын бүстэй болж, байгальд ээлтэй ногоон байгууламж бий болох боломжтой ажээ.
Энэ талаар НИТХ-ын дарга С.Амарсайхан “Хувийн хэвшлүүд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байгаагийн нэг жишээ нь энэ төсөл юм. Өөрсдийн хөрөнгө оруулалтаар газар чөлөөлөлтөө хийж, ямар ч урьдчилгаа авалгүй эхний ээлжийн барилгаа барьж эхэлсэн байна. Үүнд тулгараад байгаа автозам болон байгаль орчны асуудлыг холбогдох байгууллагатай хамтран, шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх замаар шийднэ. Төслийг эрчимтэй үргэлжлүүлэхэд нийслэлээс шалтгаалах ажлуудыг дэмжинэ” гэлээ.
Тус хорооллын бүх орон сууц ипотекийн 5 хувийн зээлд хамрагдах юм байна. Төслийн шугам сүлжээний ажлыг БХБЯ-ны зүгээс маш сайн дэмжиж байгаа. Мөн хятадын засгийн газрын хөрөнгөөр цэвэр бохир ус, дулааны шугам хийгдэж ашиглалтад ороход бэлэн болоод байна. Энэ төслөөс болж хохирсон нэг ч иргэн байхгүй. Иргэд гурван талт гэрээ хийж газраа орон сууцаар сольж байгаа. Нийт 80 орчим айл шинэ орон сууцанд орно. Төслийн ажил төлөвлөсний дагуу амжилттай хэрэгжиж байна. Дулааны шугамыг төвийн дулаантай холбох болон цэвэр усны эх үүсвэрийг холбоход гацаатай байгаа хэдий ч шийдэхээр ажиллаж байгааг төсөл хэрэгжүүлэгчид хэлэв.
Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ
Холбоотой мэдээ