Дэлхийн аваргын D хэсэг

Хуучирсан мэдээ: 2018.06.18-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Дэлхийн аваргын D хэсэг

Дэлхийн аваргын D хэсэг

Аргентины шигшээ баг

Хэрхэн эрхээ авсан бэ:

“Бяцхан шидтэн” Лионель Месси тэргүүтэй Аргентины шигшээ баг Өмнөд Америкийн бүсээс маш хүнд байдлын дундаас дэлхийн аваргыг зорих эрхээ авсан. Тэрээр Өмнөд Америкийн бүсийн сүүлчийн тоглолтын өмнө хүснэгтийн 3-8-рт эрэмбэлэгдэж байсан багуудын хэн нь ч хэсгээс гарах эсвэл гэртээ үлдэж болохуйц нөхцөл байдалтай байсан. Ингээд Аргентины шигшээ баг хэсгийн сүүлчийн тоглолтоо Эквадорын эсрэг хийж Л.Мессигийн хет-трикийн ачаар хүснэгтийн 3-р 28 оноотой бичигдэж дэлхийн аваргын эрхээ авсан.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Хаалгач : Н.Гузман, Ф.Армани, В.Кабальеро
  • Хамгаалагч: Г.Меркадо, Н.Тальяфико, К.Ансальди, Ф.Фазио, М.Рохо, Н.Отаменди, Э.Сальвио
  • Хагас хамгаалагч: Л.Билья, Э.Банега, М.Акуна, ди Мариа, М.Меза, Х.Машерано, М.Лансини, до Челсьсо, К.Павон
  • Довтлогч: Г.Игуаин, Л.Месси, С.Агуэро, П.Дибала

Од тоглогч:

Дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгчин, дэлхийн аваргын мөнгө, копа америка тэмцээний 3 удаагийн мөнгөн медальт, шигшээ багийн ахлагч Лионель Андрес Месси юм. Хэдхэн хоногийн дараа 31 нас хүрч буй Л.Месси клуб болон шигшээ багийнхаа төлөө нийтдээ 675 гоол оруулаад байна. Клубын түвшинд хүртэх ёстой бүхий л цомоо хүртсэн бол шигшээ багийнхаа хамтаар олимпийн аваргын алтан медаль хүртсэн. Харин түүний медалийн цуглуулгад дэлхийн аваргын алтан цом болон тивийн аваргын цом байхгүй. Иймд 4 жилийн өмнөх амжилтаа давтан финалд шалгарах цаашлаад алтан цом хүртэх зорилготой байгаа нь тодорхой юм.

Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ?

Аргентины Буко Хуниорс багийн 22 настай хагас хамгаалагч Кристан Павоныг онцолж байна. Аргентины шигшээ баг энэ удаагийн дэлхийн аваргад оролцож байгаа тамирчдын дунд 1995 оноос хойш төрсөн ердөө 2-хон тоглогч байгаагийн нэг нь хагас хамгаалагч К.Павон юм. Нэлээд ахмад бүрэлдэхүүнтэй Аргентины шигшээ багийн ирээдүйдтэй залуу тоглогч бол яах аргагүй К.Павон. Тэр өнгөрсөн улиралд Буко Хуниорс клубынхээ төлөө 36 тоглолтонд оролцсон бөгөөд 11 гоолын дамжуулалтаар Аргентины лигт тэргүүлсэн.

Дасгалжуулагч:

Нутгийн мэргэжилтэн Х.Сампаоли шигшээ багаа хүлээн аваад ердөө жил болж байна. Тэр Чилийн шигшээ багийг удирдан 2015 оны Копа Америка тэмцээнд түрүүлж тус улсын түүхэн дэх анхны Копа Америка тэмцээний цомыг авчирч байсан мэргэжилтэн юм.Тэрээр 2017 оны 6 сараас Аргентины шигшээ багийг удирдаж байгаа бөгөөд энэ хугацаанд Нигерийн шигшээд 2-4, Испаний шигшээд 1-6 харьцаатай хүндхэн ялагдал амссан. Х.Сампаолид энэ ялагдлууд, ялангуяа Испанид хожигдсон хожигдол бол хийх ажил их байгааг харуулсан.

Дэлхийн аваргын түүх:

1978, 1986 оны дэлхийн аварга Аргентины шигшээ баг хамгийн сүүлд 2014 оны Бразилд болсон ДАШТ-нд мөнгөн медаль хүртсэн. Дөрвөн жилийн өмнө ганц ч хожигдол, тэнцээгүйгээр хагас шигшээд хүрсэн бөгөөд хагас шигшээд Нидерландын шигшээ багтай тэнцэж, пенальтаар ялалт байгуулж шигшээ тоглолтонд шалгарч байсан. Гэвч шигшээ тоглолтонд Германы багт хожигдон мөнгөн медаль хүртэж байжээ.

Боломжит амжилт:

Бүх зүйл Л.Мессигээс шалтгаална. Мэдээж хэсгээ тэргүүлэхийн төлөө тоглох нь тодорхой бөгөөд хэсгээ тэргүүлж чадвал наанадаж дунд шөвөг хүрэх боломжтой.

Тоглолтын хуваарь:

  • 2018 оны 6 сарын 16. Аргентин 1-1 Исланд
  • 2018 оны 6 сарын 22. Аргентин – Хорват
  • 2018 оны 6 сарын 27. Нигери – Аргентин

 

Хорватын шигшээ баг

Хэрхэн эрхээ авсан бэ?:

Хуучин Югослав улсаас салж тусгаар тогтнолоо зарласнаас хойш Хорватын шигшээ баг 5 дахь удаагаа дэлхийн аваргад оролцож байна. Хорватын шигшээ баг Европын бүсийн I хэсгээс 6 хожил, 2 тэнцээ, 2 хожигдолтойгоор Исландын шигшээ багийн араас хүснэгтийн 2-р байранд бичигдэн плэй-оффын нэмэлт тоглолт хийсэн. Нэмэлт тоглолтоо Грекийн шигшээ багтай хийж хоёр тоглолтонд 4-1 харьцаатай ялалт байгуулснаар дэлхийн аваргад оролцох эрхээ авсан.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Хаалгач : Д.Ливакович, Л.Калинич, Д.Субашич
  • Хамгаалагч: Ш.Врсалько, И.Стринич, В.Чорлука, Д.Ловрен, Т.Едвай, Д.Чалета-Цар, Д.Вида, Й.Пиварич
  • Хагас хамгаалагч: И.Перишич, И.Ракитич, М.Ковачич, Л.Модрич, М.Брокович, Ф.Брадарич, М.Бадель
  • Довтлогч: А.Крамарич, Н.Калинич, М.Манжукич, А.Ребич, М.Пьяца

Од тоглогч:

Хорватын шигшээ багийг найрал дууны баг гэж үзвэл түүний удирдаач нь Л.Модрич юм. Өдгөө 32 настай Л.Модрич шигшээ багийнхаа төлөө аль хэдий нь 107 тоглолтонд оролцоод байгаа бөгөөд шигшээ багтаа ч, тоглож буй клубтээ ч тэр талбайн төвийн орлуулшгүй найруулагч юм.

Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ?

24 настай залуу довтлогч А.Ребич бол Хорватын шигшээ багаас гялалзах учиртай залуу тоглогч юм. Германы Айнтрахт Франкфурт клубт хүчин зүтгэдэг А.Ребич бол хурд болон техникээрээ ялгарч чаддаг бөгөөд эсрэг багийнхаа хамгаалалтыг задлах чадвартай авъяаслаг залуу юм.

Дасгалжуулагч:

Хорватын шигшээ баг дэлхийн аваргын урьдчилсан шатыг А.Чачичийн удирдлага дор хийсэн бол дэлхийн аваргын төлөөх нэмэлт тоглолтоо Украйны эсрэг хийхдээ З.Даличийн удирдлага дор хийж хожил авч Оросыг зорих эрхээ авсан. Шигшээ багаа хүлээн аваад ердөө 8 сар болж буй З.Далич анх удаагаа дэлхийн аваргад оролцож байна.

Дэлхийн аваргын түүх:

Хорватын шигшээ баг тусгаар тогтнолоо зарласнаасаа хойш анх удаагаа 1998 оны дэлхийн аваргад оролцож шууд хүрэл медаль хүртсэн байдаг. Харин түүнээс хойш 2002, 2006, 2014 оны ДАШТ-нд оролцохдоо хэсгээс гарч чадаагүй байна.

Боломжит амжилт:

Хорватын шигшээ баг тун эвгүй хэсэгт багтсан. Сүүлийн 2 жил дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд нээлт болж буй Исланд, дэлхийн 2 удаагийн аварга Аргентин болон Африк тивийн “хатуу самар” Нигерийн шигшээ багуудтай багтсан. Хорватын шигшээ багийг энэ хэсгээс гарах эсэх нь Л.Модрич, И.Ракитич болон М.Ковачич нараас ихээхэн хамаарна.

Тоглолтын хуваарь:

  • 2018 оны 6 сарын 17. Хорват 2-0 Нигери
  • 2018 оны 6 сарын 22. Аргентин – Хорват
  • 2018 оны 6 сарын 27. Исланд – Хорват

 

Исландын шигшээ баг

Хэрхэн эрхээ авсан бэ?:

Ердөө 2 жилийн өмнө Европын АШТ-нд цахиур хагалан дунд шөвөгт шалгарч байсан Исландын шигшээ баг анх удаагаа дэлхийн аваргад оролцож байна. Тэрээр Европын бүсийн I хэсгийг 22 оноотой тэргүүлснээр дэлхийн аваргад оролцох эрхээ авсан.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Хаалгач : Х.Халльдоурссон, Ф.Шрам, Р.Рунарссон
  • Хамгаалагч: Б.Севарссон, С.Фридйонссон, С.Ингасон, Р.Сигурдссон, К.Арнасон, Х.Эйеульфссон, Х.Магнуссон, А.Скуласон
  • Хагас хамгаалагч: Й.Гудмундссон, Б.Бьярнасон, Г.Сигурдссон, О.Скуласон, А.Гуннарссон, Р.Гисласон, Э.Хадльфредссон, А.Траустасон
  • Довтлогч: А.Гюдмундссон, Б.Сигурдарсон, А.Финнбогасон, Й.Бёдварссон

Од тоглогч:

Английн Премьер лигийн Эвертон клубын хагас хамгаалагч Г.Сигурдссон бол Исландын шигшээ багийн хамгийн авъяаслаг тоглогч юм. Шигшээ багийнхаа төлөө 58 тоглолтонд оролцож 19 гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлээд байгаа Г.Сигурдссон эсрэг багийн хамгаалагч нарт хамгийн аюул тарих тоглогч юм.

Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ?

Шигшээ багийнхаа төлөө ердөө 4 тоглолтонд оролцоод буй Норвегийн Волеренга клубын хамгаалагч чиглэлийн 22 настай тоглогч С.Фридйонссон бол Исландын шигшээ багийн ирээдүйд гэрэлтэх тоглогч юм. Талбайн аль ч хэсэгт тоглох чадвартай гэдгээ харуулаад байгаа шилдэг залуу тоглогч юм.

Дасгалжуулагч:

Шүдний эмч мэргэжилтэй Х.Хадльгримссон шигшээ багаа 2013 оноос хойш удирдаж байна. Өнөөгийн Исландын шигшээ багийн үзүүлж буй амжилт бол 51 настай эрхэм Х.Хадльгримссонтой салшгүй холбоотой. Шигшээ багаа удирдан 3 жилийн дараа шигшээ багаа анх удаагаа Европын аваргад оролцсон бол 5 жилийн дараа мөн шигшээ багийнхаа түүхэнд анх удаагаа Исландын шигшээг дэлхийн аваргад оролцуулж байна.

Дэлхийн аваргын түүх:

Дэлхийн аваргад анх удаагаа оролцож байгаа.

Боломжит амжилт:

Дэлхийн аваргын урьдчилсан шатанд Хорватыг буулган авч байсан. Иймд хэсэгтээ тийм ч сул өрсөлдөгч биш юм. Магадгүй хэсгээс гарахад гайхах зүйлгүй болов уу?

Тоглолтын хуваарь:

  • 2018 оны 6 сарын 16. Аргентин 1-1 Исланд
  • 2018 оны 6 сарын 22. Нигери – Исланд
  • 2018 оны 6 сарын 27. Исланд – Хорват

 

Нигерийн шигшээ баг

Хэрхэн эрхээ авсан:

Африк тивийн төлөөлөл “Супер бүргэдүүд” Африкийн бүсийн 3-р шатанд В хэсгийг 13 оноотой тэргүүлсэн. Тэрээр 4 хожиж, 1 тэнцсэн бол Алжирын шигшээ багт хожигдсон. Гэхдээ энэ хожигдол бол “Супер бүргэдүүд”-ийг дэлхийн аваргын эрхээ авахад төдийлөн саад болж чадаагүй.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Хаалгач: И.Эзенва, Д.Акпейи, Ф.Узохо
  • Хамгаалагч: Б.Идову, У.Эчиежипе, В.Ндиди, У.Троост-Эконг, Л.БалогунШ.Абдуллахи, Ч.Авазьем, Т.Эбюэхи
  • Хагас хамгаалагч: О.Этебо, Ж.Микел, В.Мозес, С.Нванкво, О.Онази, Ж.Огу, К.Омеруо
  • Довтлогч: А.Муса, О.Игало, К.Ихеаначо, Ж.Оби, А.Ивоби

Од тоглогч:

Нигерийн шигшээ багийн хамгийн туршлагатай тоглогч бол өдгөө Хятадын Тианжин Тэба клубт тоглож буй Жон Оби Микел юм. Тамирчны карьерынхаа оргил үеийг Английн Премьер лигийн Челси клубт өнгөрүүлсэн Жон Оби Микел шигшээ багийнхаа төлөө 85 тоглолтонд ороод байна. Талбайн араас довтолгоог эхлүүлэх чадвартай, хүчтэй цохилттой энэ залуу Нигерийн шигшээ багийн хамгийн шилдэг тоглогч нь байсаар л байна.

Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ?

Английн Манчестер Сити клубын академиас гарч ирсэн 21 настай довтлогч К.Ихеаначо бол “Супер бүргэдүүд”-ийн ирээдүй юм. Өнгөрсөн улиралд Лейстер Сити клубт очсон К.Ихеаначо клубынхээ төлөө 21 тоглолтонд оролцож 3 гоол оруулаад байна. Хэдийгээр өнгөрсөн улиралд төдийлөн гялалзаж чадаагүй ч түүний өмнө том ирээдүй хүлээж байна.

Дасгалжуулагч:

64 настай Герман мэргэжилтэн Г.Рор Нигерийн шигшээ багийг удирдаж байна. Тэр өмнө нь Африкийн хэд хэдэн шигшээ багт ажиллаж байсан ч төдийлөн өндөр амжилт үзүүлээгүй байгаа.

Дэлхийн аваргын түүх:

Нигерийн шигшээ баг 1994 оны АНУ-д болсон ДАШТ-нд анх удаагаа оролцож байсан бол одоо 6 дахь удаагаа дэлхийн аваргад оролцож байна. Дэлхийн аваргад үзүүлсэн хамгийн өндөр амжилт нь бол 1994, 1998, 2014 онуудад шөвгийн 16-д шалгарч байсан.

Боломжит амжилт:

Бодит байдал нь “Супер бүргэдүүд” D хэсгээс гарах боломж тун бага байна. Нигерийн шигшээ баг дэлхийн аваргын өмнөх нөхөрсөг тоглолтуудаас хожил авч чадаагүй.

Тоглолтын хуваарь:

  • 2016 оны 6 сарын 17. Хорват 2-0 Нигери
  • 2016 оны 6 сарын 22. Нигери – Исланд
  • 2016 оны 6 сарын 27. Нигери – Аргентин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж