Уулзалтад сэтгүүлийн удирдах зөвлөлийн гишүүд болох НХХ-ийн сайд Т.Ганди, зохиолч Б.Шүүдэрцэцэг нар эмэгтэйчүүдээ өөртөө итгэлтэй өөдрөг байж, амьдрал хүнд хэцүү гэж цөхрөлгүй, хэн нэгэнд найдалгүй өөрсдөө хийж бүтээх боломж бүхнийг олж харж чаддаг байх тухай, өөрчлөлтийг гэр бүлээ төвхнүүлэхээс эхлээд улс орноо хүчирхэгжүүлэх хүртэл шат дараатайгаар зоригтой зорилготойгоор хийх тухай ярилцлаа. “UPTOWN” сэтгүүлээс цаашдаа тухайн дүүрэг бүрт эмэгтэйчүүдийг хөгжүүлэх сургалт, лекц семинаруудыг ээлж дараалан зохион байгуулж байхаа мөн энэ үеэр тодотгон хэлж байсан. Чин сэтгэлээр ивэлсэн энэхүү уулзалтад оролцсон бүсгүйчүүд үдийн зоог барьж тухлангаа хоорондоо танилцаж, тэдэнд урам итгэл сэтгэлийн дэм хайрлахаар ирсэн уран бүтээлчидтэй хамтдаа дуулж хөгжилдөж нэгэн өдрийг сэтгэл тэнүүн өнгөрөөлөө.
Энэхүү гэгээн сайхан үйлсийг “Монос косметик” ХХК, SKY Plaza компанийнхан ивээн тэтгэж дэмжин ажилласан. Уулзалтын төгсгөлд энэхүү аяныг ивээн тэтгэж хамтран ажилласан “Монос” компани болон сэтгүүлийн зүгээс бэлдсэн гарын бэлгийг бүсгүйчүүдэд өргөн барилаа. UPTOWN сэтгүүл энэ аянаа дүүрэг бүрт зохион байгуулах хугацаанд хэвлэгдэн гарах сэтгүүлийнхээ дугаар бүрээс тухайн дүүргийн 500 эмэгтэйд үнэгүй тарааж байгаа аж.
UPTOWN сэтгүүл энэхүү аянаараа хөдөлмөрийн чадвараа алдсан, өрх толгойлсон, алдаж онож яваад эрх чөлөөгөө хязгаарлуулсан гээд нийгмийн бүхий л давхаргын эмэгтэйг дэмжин хөгжүүлэхийг зорьж буй. Энэхүү гэгээлэг аян нийслэлийн зургаан дүүрэгт буухиалан өрнөхдөө Монгол Улсын минь гэрэл гэгээ болсон эмэгтэйчүүддээ сэтгэлийн дэм, эрч хүч өгч, их амжилт бүтээлийнх нь гараа болно гэдэгт итгэлтэй байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.