Татварын реформыг таалаагүй МАН

Хуучирсан мэдээ: 2018.06.18-нд нийтлэгдсэн

Татварын реформыг таалаагүй МАН

Татварын реформыг таалаагүй МАН

У.Хүрэлсүхийн засгийн газарт өгөгдсөн эдийн засгийн гэрийн даалгавруудын нэг нь татварын багц хуулийн реформ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын гардан хариуцаж буй энэ реформ эдийн засгийн олон жилийн хүлээлт байв. Гэвч, өнгөрсөн долоо хоногийн улс төрийн хүрээнд өрнөсөн УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлөх шуугиан дундуур эрх баригчдын бодлогыг эрх баригч намынхан унагааснаар татварын шинэчлэл МАН-ын зодоонд золиослогдоход хүрснийг нуух юун.Татварын шинэчлэл У.Хүрэлсүхийн засгийн бодлого мөн ч уг нь МАН-ын сонгуулийн амлалтын хүрээнд хийгдэж буй нэг ажил. Угтаа УИХ дахь МАН-ын баячууд таалаагүй нь Монголын олон мянган жижиг, дунд бизнес эрхлэгчид их санасан газар хоосон хонох шалтгаан болох учиргүй юм. Гэвч, УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шинэчлэлт болон дагалдах хуулиудыг “төрхөмд нь буцахад” парламентын олонх дэмжсэний олонх МАН-ынхан, тэр тусмаа МАН дахь бизнесийн бүлэглэл гол үүрэг гүйцэтгэсэн гэхэд болно.

Тэр тусмаа бизнесийн зовлон жаргалыг бие, сэтгэлээрээ ойлгох ёстой М.Билэгт, Ж.Ганбаатар хоёр, дээр нь Н.Тэмүүлэн, Н.Оюундарь, Ч.Улаан, Н.Ганболд нарын гишүүд эсрэг санал өгч, татварын рефомыг таалаагүйгээс энэхүү хууль УИХ-ын босгыг давж чадсангүй. Ингээд миний нэр байдаггүй юм гэдэг шиг, ингээд жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зориулсан реформ байхгүй…!

Үүнтэй холбогдуулж МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргасан нь “УИХ-ын зургадугаар 14-ний өдрийн чуулганаар татварын шинэчлэлд онцгой ач холбогдолтой ААНОАТ-ын тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцээд гишүүдийн олонх нь бизнес эрхлэгчдэд маш их хүлээлт үүсгэсэн тус хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн, буцаах шийдвэр гаргасан нь татварын шинэчлэлийн эсрэг, шинэчлэлийн ач холбогдлыг үгүй хийсэн алхам боллоо” гэх эсэргүүцэл.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай өөрчлөлт нь Монголд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг татвар төлөлтөд жигд хамруулах, татварын баазыг нэмэгдүүлэх, 1:5 тэрбум төгрөгөөс ихгүй орлоготой компанид хөнгөлөлт үзүүлэх, арилжааны банкуудын гадаад зах зээлээс оруулж ирэх валютын үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой. Ингэснээр зээлийн хүү буурч, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа сайжирна гэж Сангийн сайд тун ойлгомжтойгоор тайлбарлаж буй.

Танхимын ерөнхийлөгч Б.Лхагважавын хэлснээр 2007 оноос мөрдөгдөж байгаа ААНОАТ-ын хуулийн 3 тэрбумын татварын шатлал нь олон жижиг компани байгуулах, ажлын байрыг бууруулах, өрсөлдөх чадваргүй болоход хүргэж буй аж. Харин УИХ дээр унасан татварын шинэчлэлд татварын шатлалын босгыг зургаан тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгажээ. Ингэснээр эдийн засгийн нөхцөл байдал, компанийн өсөлттэй уялдуулан, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, үр ашигтай, хөрөнгийн төвлөрөлтэй, өрсөлдөх чадвар бүхий ААН бий болж чадна гэж бодлого боловсруулагчид ч, танхим ч үзэж байж.

Харамсалтай нь, сүүлийн гурван парламент, АН, МАН-ын сонгууль тусгагдаж ирсэн татварын реформыг У.Хүрэлсүхийн засаг оруулж, У.Хүрэлсүхийн намынхан унагаав.

Монгол Улсад орлогын албан татвар төлөгчөөр бүртгэлтэй 157 мянган аж ахуйн нэгж байдаг аж. Үүний 140 мянга нь 1-9 хүнтэй компани. Эдгээр аж ахуйн нэгжээс 25 мянга нь татвар төлдөг гэвэл бусад нь Х тайлан гаргадаг гэсэн үг. Тиймээс жилд нэг удаа тайлан өгдөг болсноор “Х” тайлан гаргагсдын тоо буурч, татвар огт төлдөггүй 120 мянган аж ахуйн нэгжүүд улсын төсөвт нэг хувийн орлого тушаах ийм л шинэчлэлт эдийн засагт хийгдэх байж. Үнэндээ өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол шударгаар татвар төлдөг нь хохироод, эсрэгээрээ орлогоо нуудаг, хуурамч тайлан гаргадаг нөхдүүд хожоод явж байгаа нь худлаа биш л дээ.   Жижиг цайны газар, үсчин, наймаачид, уяачид, малчид гээд огт татвар төлдөггүй бүлэг хүмүүс Монголд олон. Тэгвэл энэхүү хуулийн шинэчлэлтээр төрөл бүрийн ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч Монгол Улсын иргэн, Монгол Улсын нутагт байнга болон түр оршин суугаа гадаадын иргэн энэ татварыг төлөхөөр зохицуулагдсан юм.

Мэдээж, нэг талдаа улсын орлогод, нөгөө талдаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид зээлд хамрагдах, бизнесээ өргөжүүлэхэд уг хууль эерэгээр нөлөөлөх нь татварын реформ нэг зорилго. Хэдийгээр НӨАТ-ын хуулийг шинэчилсэн ч Монголд асар том далд эдийн засаг бөмбөлөг шиг хөөсөрсөөр байгаа. Үүний тулд төгрөг бүрийг нэгбүрчлэн тоолох, тоолсон мөнгөө зөв бодлогоор зохицуулах ёстой. Тиймээс Сангийн яамнаас өргөн барьсан реформын хүрээнд жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварыг 90 хувиар хөнгөлж, 1 хувийн татвартай болгох, үүнд 51 мянга гаруй дотоодын аж ахуйн нэгж хамрагдах байжээ. Түүнчлэн татварын өр төлөх хугацааг хоёр сараар сунгадаг байсныг жилээр сунгах, сунгасан хугацааны татварын алдангид хөнгөлөлт үзүүлдэггүй байсныг өөрчилж, 20 хувийн хөнгөлөлтийг үзүүлэхээр хуулийн төсөлд суулгаж өгсөн бий.

Үнэндээ жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжсэн энэхүү бодлогыг унагаасан УИХ-ын гишүүдийн хувьд “Ухна ишигний зовлон ойлгохгүй” гэж үгтэй л дээ, гэхдээ л..?

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж