Парламент хүчирхийлэгчтэй байгаа нь гайхах зүйл бишийг судалгаа харууллаа

Хуучирсан мэдээ: 2018.06.17-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Парламент хүчирхийлэгчтэй байгаа нь гайхах зүйл бишийг судалгаа харууллаа

Парламент хүчирхийлэгчтэй байгаа нь гайхах зүйл бишийг судалгаа харууллаа

Монголын парламентын 24 жилийн түүхэнд байгаагүй нэгэн хэрэг өнгөрсөн долоо хоногт болсон нь хүчингийн хэрэгт нэр нь холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргаж УИХ ёсоор болголоо. Гишүүдтэйгээ холбоотой гэмт хэргийн шинжтэй нэг биш удаагийн хэргийг парламент хэлэлцэж байсан ч ёс суртахууны ийм дорд үйлдлийг анх удаа хэлэлцсэн нь энэ.

Ард түмний нэрийн өмнөөс сонгогдон төр түшилцэж суугаа эрхэм түшээдийн хормойн явдлын хэрэгтэй давхцан танилцуулагдсан Жендерт суурилсан хүчирхийллийн судалгаа Монгол төрийн дээд байгууллага ийм арчаагүй үйлдлийг хэлэлцсэн нь огт санамсаргүй зүйл болохыг нотоллоо.

Үндэсний Статистикийн хороо, НҮБ-ын Хүн амын сан хамтран энэхүү судалгааг өнгөрсөн 2017 онд хийсэн. Харамсалтай нь, судалгаа Монголын нийгэмд эмэгтэйчүүд элдэв төрлийн хүчирхийлэлд өртөх нь далд түвшинд түгээмэл байгааг харууллаа. Элдэв төрлийн гэдэгт бэлгийн, сэтгэл санааны, бие махбодийн, эдийн засгийн дарамт, мөн хяналт цагдалтанд байх зэргийг тус тусад нь нарийвчлан тодорхойлжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аргачлалаар хийсэн энэхүү судалгаа цар хүрээний хувьд, бас хөндөж гаргасан агуулгын хувьд анхны том судалгаа юм. Судалгаанд нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгаас цуглуулсан мэдээллийг ашигласан байна. Олон шатлалт түүврийн аргыг ашиглан 7860 өрхийг сонгосон бөгөөд өрхөөс судалгаанд хамрагдах шалгуурт нийцсэн 15-64 насны нэг эмэгтэйг санамсаргүйгээр сонгон нийт 7319 эмэгтэйтэй ярилцлах хэлбэрээр хийсэн байна. Ярилцлагыг хийхдээ хувийн нууцлалыг бүрэн хангаж, ганцаарчлан ярилцжээ. Судалгааны мэдээллийг 2017 оны тав, зургадугаар сард цуглуулсан байна.

Судалгааг хийгчид ихэнх тохиолдолд хаалттай хаалганы цаана үйлдэгдэн, нууц хэвээр үлддэг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн үйлдлүүдийг ил болгосон нь онцлог гэдгийг тэмдэглэсэн. Хаалттай сэдвийг ил болгоход тусалсан 7300 эмэгтэйд тусгайлан талархаж байгаагаа судалгааны баг илэрхийлсэн. Тайланд дурдаснаар Улаанбаатар хотод нийт 46, хөдөө, орон нутагт нийт 148 эмэгтэй ярилцлага өгөөгүй бөгөөд тэдний зарим нь татгалзсан бол зарим нь бусад шалтгаантай байжээ.

Судалгааны үндсэн үр дүнг дараах байдлаар томъёолжээ. Үүнд,

  • Эмэгтэйчүүдийн 29.7 хувь нь хамтрагчийн /хамтрагч гэдэгт дотно харилцаатай эрэгтэй хамтрагч буюу нөхөр, салсан нөхрийг багтаасан/ зүгээс үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд өртсөн байхад 17.3 хувьнь бусдын зүгээс үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд өртсөн байгаагаас үзвэл хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийлэлд өртөх нь илүүтэй байгааг харуулж байна.
  • Урьд өмнө хамтрагчтай байсан болон одоо хамтрагчтай байгаа эмэгтэйчүүдийн 14.0 хувь нь бусдын зүгээс үйлдсэн бэлгийн хүчирхийлэлд өртсөн байгаа нь Ази, номхон далайн бүсийн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байна.
  • Эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж буй хүчирхийлэл нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 42.8 хувь хүчирхийллийн улмаас бэртэл, гэмтэл авсан бөгөөд тэдгээр эмэгтэйчүүдийн 71.6 хувь нь хүнд буюу ноцтой бэртсэн байна. Бие махбодын болон эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд өөрсдийнхөө эрүүл мэндийн байдлыг ихэвчлэн муу хэмээн дүгнэж,сэтгэцийн өөрчлөлтийн хэд хэдэн шинж тэмдэг тэдэнд илэрсэн тухай мэдээлжээ.
  • Гэр бүлийн хүчирхийлэл нь хүүхдүүд болон гэр бүлийн бусад гишүүдэд нөлөөлдөг. Хамтрагчийн зүгээс үйлдсэнхүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн хүүхдүүд нь хүчирхийлэлд өртөөгүй эмэгтэйчүүдийн хүүхдүүдээс илүү занхарьцааны доголдолтой байна. Хүүхэд насандаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсвэл хүчирхийллийг харж байсанхүүхдүүд насанд хүрэхээрээ хүчирхийлэгч хамтрагчтай дотно харьцаанд орох магадлал өсөж байгаа хандлага байна.
  • Хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдийн хувьд нас, боловсролын түвшин, хөдөлмөр эрхлэлт, байршилын онцлогялгаа ажиглагдахгүй байна.

Эдгээр дүгнэлтээс үзэхэд хүчирхийллийн далд хор нөлөө нийгэм, гэр бүл, үр хүүхдэд нүдэнд үзэгдэхгүй хэлбэрээр ужигран тархаж байгааг харж болохоор байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж