УИХ Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг ид хэлэлцэж байна. Тогтоолд өмч хувьчлалыг ямар зарчмаар явуулахаар тусгав, хувьчлах жагсаалтад багтсан обьектуудыг үнэлсэн үү зэрэг асуудлыг хөндөж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осортой ярилцлаа.
-Засгийн газар нийт 27 компанийг хувьчлахаар тогтоолдоо заажээ. Гэхдээ зарим компанийг Хөрөнгийн биржээр, заримыг нь шууд дуудлага худалдаагаар зарна. Ингэж ялгасан нь ямар учиртай вэ?
–Өмч хувьчлалын өнгөрсөн 26 жилийн түүхийг харах юм бол ихэнх нь дуудлага худалдаагаар явагдсан байдаг. Энэ тохиолдолд ихэвчлэн эдийн засгийн бүлэглэл, мөнгөтэй хүмүүс өмчийг худалдаж авдаг. Яагаад гэвэл бөөнд нь дуудчихаар иргэд авч чаддаггүй. Хөрөнгийн зах зээл хөгжөөгүй нь үүнтэй мөн холбоотой. Тийм учраас олон нийтийн оролцоог хангаж, хувьчлалыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан хийх нь илүү өгөөжтэй гэж үзсэн юм. Ийм зарчим барих нь тухайн компанийн засаглал сайжирч, олон нийтийн хяналтыг бий болгодог. Хүн шахдаг, бараа шахдаг зүйл байхгүй болно. Дур зоргоороо машин, байшин худалдаг авдаг юм үгүй болно. Хяналт сайжрахаар компанийн засаглал сайжирч, үр ашиг дээшилдэг.
-Тэгвэл МИАТ зэрэг компаниуд Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдах нь ээ?
-Тийм ээ, нийт долоон компанийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулж арилжаална. Нэгдүгээрт МИАТ, хоёрт Төрийн банк, гуравт, Монголын хөрөнгийн бирж, дөрөвт Арилжаа төлбөр тооцооны төв, тавд Хөдөө аж ахуйн биржийг, зургаад Мэдээлэл холбоо сүлжээ компанийг, долоод нь Монгол шуудан компанийг хувьчлахаар тусгасан.
-Олон нийт хөрөнгийн зах зээлд оролцох ойлголттой болж чадсан уу?
-26 жил хөрөнгийн зах зээл мэдэхгүй гэж ухарсан. Дахиад 50 жил хүлээх үү. Өнөөдөр ч УИХ -ын зарим гишүүн тэгж ярьж байна лээ. Одоо болсон.
Хөрөнгийн зах зээлд хувийн хэвшлүүдээс хамгийн сүүлд Монгол базальтынхан хувьцаа гаргасан нь амжилттай явж байна. Төрийн өмчит компаниас “Монгол шуудан” мөн хувьцаа гаргасан. “Монгол шуудан” компанийн 66 хувийг төр эзэмшдэг бол 34 хувь нь хувьд гарсан. Одоо 3000 гаруй хувьцаа эзэмшигчтэй. Тодорхой хувийг нь хувьчилснаар хувьцааны үнэ нь гурав дахин өссөн. Өмнө нь 100 хувь төрийн өмчид байхад жилийн нэг тэрбумын ашигтай ажилладаг байсан бол хувьцааг биржид гаргаснаар энэ оны нэгдүгээр улиралд нэг тэрбумын ашигтай ажилласан байгаа. Гэтэл одоо хөрөнгийн зах зээлд суралцаж эхэлж байна гээд хүлээх үү.
Байгаа мөнгөө банкинд хадгалаад ахиу хүү аваад сууж байдаг тогтолцоогоо өөрчлөх цаг болсон. Монголын хөрөнгийн зах зээлийн 97 хувийг банк, банк бус санхүүгийн байгууллага бүрдүүлж байна. Дэлхий нийтэд санхүүгийн зах зээлийн 45-50 хувийг банк, 40-45 хувийг хөрөнгийн бирж, үлдсэн таван хувийг ломбард, хоршоо, банк бус санхүүгийн байгууллага бүрдүүлдэг.
Харин манай тогтолцоо дэлхийн жишгийн эсрэг яваад байгаа. Үүнээс болоод хөрөнгийн зах зээл хөгждөггүй, хүмүүс хөрөнгөтэй болдоггүй, мөн зээлийн хүү буурахгүй байна шүү дээ.
-УИХ-ын гишүүд өмч хувьчлалыг хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлахыг эсэргүүцээд байгаа нь өөрсдөө шууд дуудлага худалдаагаар хувьчилж авах сонирхолтой нь холбоотой юм болов уу. Хувьцаагаар талын нэг тараачихаар сүүлд нь багцалж авахад амаргүй?
-Тэрийг мэдэхгүй. Түрүү түрүүчийн алдаанаас хаширлаж байхыг үгүйсгэхгүй. Цэнхэр, ягаан тасалбар дээр алдсан нь үнэн. Гэхдээ одоо тийм болно гэж хардаад, ажлаа явуулахгүй байж болохгүй л дээ.
Уг нь том компаниудыг хөрөнгийн биржээр гаргаад хувьцааг нь иргэд авдаг, өгдөг болчихвол ядаж хүн амын 20 хувь нь хөрөнгийн зах зээлд тоглодог болчих болов уу л гэж зорьж, энэ тогтолцоог үүсгэхийг оролдсон.
-МИАТ компанийг шууд 100 хувь хувчлах уу, эсвэл тодорхой хувийг хувьчлахаар оруулж ирэв үү. УИХ-ын зарим гишүүн МИАТ-ыг, Төрийн банкийг, цаашлаад Мэдээлэл холбоо сүлжээ зэрэг компанийг хувьчлахыг эсэргүүцэж харагдана лээ. Стратегийн ач холбогдол бүхий жагсаалтад орох компанийг хувьчлахаар оруулаад ирлээ гэх мэт асуудал хөндөж байна?
-МИАТ -ыг салбарын сайд нь хувьчлах хэрэгтэй гэж үзэж жагсаалтад оруулсан. Нэгдүгээрт, МИАТ менежмент муу байна, хоёрдугаарт таван онгоцтой хэрнээ 800 хүн ажилладаг. Гуравдугаарт, гадаадын компаниудтай өрсөлдөх чадваргүй, дөрөвдүгээрт либералчлал явуулах хэрэгтэй гэсэн үндэслэлээр оруулсан. Бид бол өрсөлдөөн байхгүй гэж үзсэн. Засгийн газрын хуралдаанаар оруулахад МИАТ компанийн 49 хувийг хувьчилъя гэсэн чиглэл гаргасан. Тэр дагуу тогтоолд туссан.
Бусад компаниудын хувьд стратегийн биш, үндэсний аюулгүй байдалд харшлахгүй, төрөөс үл хувьчилж болох жагсаалтад оруулаагүй, өмнө нь хоёр удаа хувьчлахаар УИХ, Засгийн газрын тогтоолд оруулсан компаниуд юм.
-Хөдөө аж ахуйн биржийг хувьчлах болсон зорилго юу вэ. Төр нэг компани хэрэгтэй гээд байгуулдаг, хэрэгцээг нь гаргаж чадалгүй зардаг тогтолцоонд шилжих болж байгаа юм биш биз?
-Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг сайжруулж, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлт арилжааны зах зээлийг хөгжүүлэх, гадаад, дотоодын арилжаанд оролцогчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн технологи (блокчейн технологид суурилсан платформ) болох арилжаа, клиринг төлбөр тооцооны цогц системийг худалдан авах, ложистикийн нэгдсэн сүлжээг бий болгох зорилгоор 9-10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай байна. Ложистикийн төв нь түүхий эдийг бэлтгэж, тээвэрлэхэд аймгуудын байршил болон тээвэрлэлтийн сүлжээтэй уялдуулан бүсийн агуулахуудыг итгэмжилж, биржийн сүлжээнд холбож, арилжааг зохион байгуулна.
Улаанбаатар хотод төв агуулах буюу ложистикийн нэгдсэн төвийг байгуулж, 21 аймгийн төв, 330 сумын жишиг хоршоог холбож арилжаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Иймээс Хөдөө аж ахуйн биржийн төрийн эзэмшлийн хувийг 51 хувьд байх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргах ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа юм.
-Дуудлага худалдаагаар зарах компаниудын тухай тодруулбал?
-Авто зам засвар арчлалт (АЗЗА) –ын компаниудыг дуудлага худалдаагаар зарахаар бид санал оруулсан нь Засгийн газрын хуралдаанаар дэмжигдээд тогтоолд туссан.
-Саяхан АЗЗА-гийн хүмүүс хэвлэлийн хурал хийгээд хувьчлахыг эсэргүүцээд байсан. Хувьчлахаас аргагүй нөхцөл байдал үүсчихээд байгаа юм уу?
–Улсын хэмжээнд авто зам засвар арчлалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр тусгай зөвшөөрөл авсан 495 компани байгаа. Үүнээс тогтмол үйл ажиллагаа явуулдаг, тайлан баланс гаргадаг 90 орчим компани бий. Энэн дотор төрийн өмчит 20 АЗЗА багтдаг. 2006 онд Кувейтын сангаас таван сая орчим доллараар тоног төхөөрөмж авч өгсөн байдаг. Түүнээс хойш төр хөрөнгө оруулалт хийгээгүй. Техникийнх нь 80 хувь элэгдэж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон.
Авто замыг засварлахад жилд 50 тэрбум шаардлагатай гэж үздэг. Гэвч дээрх 20 АЗЗА-д жилдээ 11-17 тэрбумыг л төсвөөс өгдөг. Нэг компанид дунджаар 200-500 сая төгрөгийн санхүүжилт ногддог. Түүнийгээ цувуулж авдаг, тэр нь засвар үйлчилгээндээ хүрдэггүй.
Гэтэл жилээс жилд өр нь нэмэгдээд байдаг. 2016 оны сүүл, 2017 оны эхэнд 9.5 тэрбумын өртэй хүлээж авсан. Ноцолдсоор байгаад жилийн турш нэг тэрбумын өрийг дарсан. Гэтэл цаана нь есөн жилийн турш төлж чадаагүй таван тэрбумын Кувейтын зээл байгаа. Дээр нь Нийгмийн даатгалын шимтгэл, татвар, мөн банкинд өртэй. Өр зээлтэй учраас тендерт оролцож чаддаггүй. Хуулиараа өртэй компани тендерт оролцох боломжгүй. Хэрэгцээт техник нь 1600 байх ёстой ч 600 техниктэй. Нэг компани арав гаруй техник авъя гэхэд дунджаар 4-5 тэрбум хэрэгтэй. 20 компанид 80-100 тэрбумын хөрөнгө оруулалт хийж байж, үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх шаардлагатай болж байгаа. Төр энэ хэмжээний санхүүжилт хийх боломжгүй. Одоо жаахан удвал бүгд дампуурна.
Саяхан Авто зам тоног төхөөрөмжийн түрээс ТӨХК дампуурсан. Парк шинэчлэлт, тоног төхөөрөмжийн үйлчилгээ хийж чадаагүйгээс, түрээсийнх нь үйл ажиллагаа зогсож, хүнд байдалд орсон. Татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 600 сая төгрөгт хүрч, өрөнд орсон. Засгийн газарт асуудлыг тавьж, татан буулгасан байгаа.
Аймгуудын АЗЗА түүний л нэг адил хүнд нөхцөлд байна. Тийм учраас хувьчилъя гэж санал оруулсан. Яаж шийдэх нь УИХ -ын бүрэн эрх. Хувьчлахгүй гэвэл төр дээр маш их ачаалал ирнэ.
-Төрийн өмчит компанийн үнэ цэнийг бууруулж худалдах нь гэдэг зүйл яригдах боллоо. Хувьчлах жагсаалтад багтаасан компаниудын үнэлгээг хийлгэчихсэн юм уу?
-Эхний ээлжинд бид эдгээр компанийг хувьчлах уу, яах вэ гэдгээ л УИХ-аас асууж байгаа.
Балансын үнэ тавьсан. Үнэлгээ хийгдээгүй байгаа гэж ойлгох хэрэгтэй. Үнэлгээ хийлгэхэд мөнгө хэрэгтэй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар компанийг гурван ангиллаар үнэлнэ. Үнэлгээг хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй компани хийнэ. Дараа нь үнэлгээг нь хөндлөнгийн аудитын компани үнэлнэ. Буруу үнэлж үү, зөв үнэлж үү гэдгийг аудитынхан дүгнэнэ.
Гэтэл одоо хувьчлах, үгүйг мэдэхгүй байна. Худлаа хэлж болохгүй учраас балансын үнэ тавьсан.
Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн хуучин байрыг, газартай нь долоон тэрбумаар үнэлсэн байдаг. Дуудлага худалдаанд оруулахад 27 тэрбум төгрөгт хүрсэн. Оргил рашаан сувиллыг 7.7 тэрбумаар хувьчилж, орлогыг нь улсын төсөвт оруул гэж УИХ-ын тогтоол батлагдсан. Тэгтэл 15.2 тэрбумаар хувьчилсан нь хоёр дахин нугарсан үнэд хүрсэн. Тэгэхээр хувьчлах жагсаалтад орсон компаниуд Хөрөнгийн бирж дээр гараад хэд хүрэхийн, дуудлагаар худалдахаар хэд хүрэхийг бид мэдэхгүй.
Эдийн засгийн ойлгоц байхгүй байна уу, улс төр хийгээд байна уу. Ойлгохгүй байна. Би олон өдөр тайлбарласан. Үнэлгээ хийдэг тусгай журамтай гэдгийг.
-Гэхдээ танай намын бүлэг болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд дунд хардлага их байна. Хувьчлах жагсаалтыг гаргахдаа салбарынхнаас нь санал сонссон уу гэдгээс эхлээд тэдний бүлэглэл энэ обьектыг нь авах юм гэнэ. Тэдэнд зориулж, өмч хувьчлалын жагсаалтыг гаргасан гэдгээс эхлээд хардлага их байна л даа?
-Бид хулгай хийх гээгүй, ажил хариуцаж байгаа учраас хийх гээд л ноцолдож байгаа шүү дээ.
Хэрэв би энд хэнд ч үзүүлэхгүй боловсруулж байгаад УИХ -руу оруулсан бол тэгж хардах эрхтэй. Гэтэл энэ ажилтай жил шахуу ноцолдлоо. Салбарын яамд нь мөн ноцолдож байгаа юм.
Дээр нь бид зөвлөлдөх уулзалт хийсэн, Засгийн газраар оруулсан. Засгийн газар салбарын яам руу оруулсан. Дахиад Засгийн газраар хэлэлцсэн.
Г.ДАРЬ