Ээлжит бус чуулган зарлах уу?

Хуучирсан мэдээ: 2018.06.17-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулган зарлах уу?

Ээлжит бус чуулган зарлах уу?

Хаврын чуулган завсарлах дөхөж, УИХ цаг сунгаж хуралдсан өдрүүд үргэлжилсээр. Зарим өдрүүдэд хэлэлцэх асуудалгүй хэмээн чуулганы хуралдаангүй шахам өнгөрч байсан өдрүүд энэ хаврын чуулганы өдрүүдэд олон бий. Гэвч чуулган завсарлахтай зэрэгцэн батлах, амжуулах төслүүдийн жагсаалт хөвөрч эхлэв. Ямартай л нэг өдрийн чуулганаар хэлэлцэхээр 27 асуудал оруулж ирэх вэ. Хаврын чуулганыг үр дүнгүй, цаг нөхцөөж байна гэж шүүмжлэх гишүүд мэр сэр байсан.  УИХ-ын 2018 оны хаврын чуулган долдугаар сарын 5-нд завсарлах бөгөөд үндсэндээ 13 хоногийн дараа завсарлах нь. Гэвч хаврын чуулганы завсарлахтай зэрэгцэн УИХ ээлжит бус чуулган зарлах тухай Төрийн ордонд яригдах болжээ. Учир нь намрын чуулганы төгсгөлд баталсан хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон хэд хэдэн чухал хууль өнөөдрийг хүртэл сураг тасарсан. Ялангуяа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Улс төрийн намын тухай хуулийн төсөл, Сонгуулийн хуулиуд гээд ирэх оноос урьтаж батлахаар хэд хэдэн хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудлын жагсаалтад баталсан. Гэвч ажлын хэсгийн түвшинд яригдсаар эдгээр чухал хуулиуд ээлжит бус чуулган руу шилжих бололтой.

Хэрэв ээлжит бус чуулган зарлахаар бол зөвхөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх гэнэ. Учир нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлбэл өөр ямар ч хуулийн төсөл хэлэлцэх боломжгүй болдог. Тиймээс ч ирэх наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар УИХ-ын даргын зөвлөлийн хурал дээр яригдаж. Одоохондоо албажаагүй ч ээлжит бус чуулган зарлаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьт олонхийн бүлгийн удирдлагууд хүрчээ.

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мөн иргэд, судлаач, иргэний нийгмийн байгууллага, намуудын төлөөллийг багтаасан хэлэлцүүлэг, санал асуулга ч зохион байгуулж, саналуудыг нэгтгэж, төсөл ерөнхийдөө бэлэн болжээ. Хамгийн сүүлд гэхэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан Ардчилсан намын бүлэгт мэдээлэл өгсөн.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийн тулд хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжих ёстой. Хэрэв ийн дэмжлэг авч чадахгүй бол төсөл цааш явах боломжгүй. Дээрээс нь  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын гишүүдийн дөрөвний гурваар батлах, ард нийтийн санал асуулгаар батлах гэсэн хоёр хувилбаруул бий. Бусад улс төрийн хүчин төдийгүй төсөл санаачлагчдын зүгээс ард нийтийн санал асуулгыг ирэх аравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл бий. Хэрэв аравдугаар сард ард нийтийн санал асуулга авахаар бол түүнээс өмнө төсөл бэлтгэгдсэн, УИХ-ын босгыг давсан байх ёстой юм.

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын уртаас урт жагсаалт хүлээгдэж буй. Үүнтэй зэрэгцэн Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцэх боломжгүй учраас ээлжит бус чуулган зарлаж, хэлэлцэх нь одоогоор хамгийн оновчтой сонголт. Намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн ирэх оны төсөв, төсвийн хүрээний мэдэгдэл гээд олон чухал хойшлуулашгүй асуудлыг хэлэлцдэг.  Тиймээс ч олон жил яригдах шатнаас ахиж чаддаггүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ удаагийн парламент хөдөлгөж, шат ахиулах боломж нь ээлжит бус чуулган бололтой. Гэхдээ ээлжит бус чуулган зарлах эсэхийг УИХ-ын даргын зөвлөл эцэслэх юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж