Роналдо мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж эхлэв

Хуучирсан мэдээ: 2018.06.17-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Роналдо мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж эхлэв

Роналдо мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж эхлэв

21 дэх удаагийн хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д зургадугаар сарын 14-ний өдөр эхэлсэн.

Дөрвөн жилд нэг удаа болдог хөлбөмбөгийн хамгийн том баяр ДАШТ-д 32 баг найман хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Нээлтийн тоглолтоос эхлэн шуугиан тарьсан олон тоглолтууд гарсаар байна.

“В” хэсэгт Португаль, Испани, Иран, Морокко улсын шигшээ багууд багтсан. Энэ хэсгийн эхний тоглолтууд зургадугаар сарын 15-ны өдөр болсон бөгөөд Португалийн Криштиану Роналдугийн гайхамшиг үргэлжилсэн.

Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд болсон Португал, Испанийн тоглолт 3:3-аар тэнцээгээр өндөрлөсөн. Энэ тоглолтод Португалын шилдэг тоглогч Роналду гурван гоол хийж (хет трик) дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэгэн түүхэн амжилтыг үзүүлээд байна. Тэрбээр багийн ахлагчийн үүрэг ямар байх ёстойг Испаний эсрэг хийсэн тоглолтод харуулсан. 

Харин дэлхийн шилдэг хөлбөмбөгчин шагналыг таван удаа аваад байгаа Роналду Испанийн хаалганд гурван гоолыг хийсэн нь гэмт хэрэгтэн хэвээр үлдсэн. Учир нь ДАШТ-ий өмнө Роналду татвараас зайлсхийсэн хэргээр Испаний шүүхээс ял авсан. Тэрбээр үүнийг хүлээн зөвшөөрсөн юм. Роналду Испанийн шүүхэд 18,8 сая еврог төлж, хоёр жил хүртэл хоригдох ял авчээ. Гэхдээ Испани улсын хуулиар хоёр жил хүртэлх хоригдох ялыг мөнгөн торгуулиар солих боломжтой бөгөөд тэрбээр үүнийг зөвшөөрчээ.

2008, 2013, 2014, 2016, 2017 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин шагналыг хүртсэн Роналдуг дахин гайхамшиг бүтээхийг харах үлдлээ. 

К.Роналдогийн ДАШТ-ий карьертаа зургаа дахь гоол оруулж байгаа нь энэ бөгөөд сүүлийн дөрвөн ДАШТ-д дараалан гоол оруулсан байна. 

Одоогоор 21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ий мэргэн буучийн жагсаалтыг К.Роналду 3 гоолоор итгэл төгс тэргүүлж эхэлсэн бол ОХУ-ын Д. Черьшев, Испанийн Д.Коста нар 2 гоолтой удаалж байна. Харин 1 гоол оруулсан 12 тоглогч байна. 

Португалын шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтоо ирэх лхагва гаригт (2018.06.20) Марокко улсын багтай хийнэ. Мөн энэ өдөр Испани Ирантай тоглох юм.

“B” хэсэг

  • Иран – 3 оноо
  • Португал – 1 оноо
  • Испани – 1 оноо
  • Марокко – 0 оноо

ДҮН: (2018.06.15)

  • МАРОККО 0-1 ИРАН
  • ПОРТУГАЛ 3-3 ИСПАНИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж