"Мон-Уран" компанийн захирал Б.Наранхүүгийн нэхэмжлэлтэй "Зууны мэдээ" сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан уржигдар Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон. Шүүх хуралдааныг шүүгч Ч.Хосбаяр даргалж, улсын яллагчаар Ш.Баярбилэг, Д.Болормаагийн өмгөөлөгч Ц.Монгол нар оролцсон юм. "Зууны мэдээ" сонины Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны сэтгүүлч Д.Болормаа нь бага насны (дунд сургуулийн 14-15 насны сурагчид) охидын онгон биеийг 500-700 мянган төгрөгөөр худалддаг, худалдан авдаг зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ байгаа талаар бичиж энэ хэрэгт эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй хүмүүс холбогдсон болохыг гэрч, хохирогчдын яриагаар баталгаажуулан олон нийтэд ил болгосон. "Мон-Уран" компанийн захирал Б.Наранхүү үүнд холбоотой гэдгийг "Зууны мэдээ" сонины 2010 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 267 дугаарт нийтлэсэн юм. Сүхбаатар дүүргийн шүүхээс энэхүү хэргийг хянан хэлэлцээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр манай сэтгүүлч Д.Болормаад үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасан. Гэтэл "Мон-Уран" ХХК-ийн захирал Б.Наранхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар уржигдар хэвлэлийн бага хурал зарлан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Улсын дээд шүүхээс өөр шийдвэр гарна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандахаа мэдэгдсэн билээ. Сэтгүүлч Д.Болормаагийн өмгөөлөгч Ц.Монголоос энэ асуудалд ямар байр суурьтай байгааг нь сонслоо.
Өмгөөлөгч Ц.Монгол:
-Анхан шатны шүүхээс "Зууны мэдээ" сонины сурвалжлагч Д.Болормааг цагаатгасан шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тал Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар давж заалдах шатны шүүхэд хандах учиртай. Түүнээс биш хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэвлэлийн бага хурал хийж, шүүхийн шийдвэрийг зөв, буруу гарсан гэж тайлбарлах нь зохисгүй юм. Энэ нь шүүхэд нөлөөлөх гэж байгаа хууль бус үйл ажиллагаа гэж ойлгогдож байна. Шүүхийн шийдвэр ямар утга агуулгатай гарав гэдгийг нь мэдээгүй байж түүнийг буруу ташаа тайлбарлаж олон нийтийг төөрөгдүүлсэнд гайхаж байна. Нэгэнт Б.Наранхүүгийн өмгөөлөгч нар мэдээлэл хийгээд асуудалд ийм байдлаар хандаж байгаа учраас нэхэмжлэгч талд хандан шүүхэд нөлөөлөх оролдлого хийхгүй байхыг сануулж байна. Нөгөөтэйгүүр Д.Болормаа сэтгүүлчийн бичсэн мэдээлэл үндэстэй болох нь тодорхой хэмжээгээр нотлогдсон. Бага насны хүүхдүүдийг худалддаг, худалдан авдаг сүлжээ байсан гэдэг нь нотлогдсон. Энэ хэрэг шалгагдаж байгаа нь ч үнэн. Энэ бүгд олон нийтэд тодорхой болчихлоо. Гэрчийн мэдүүлгүүд байгаа. Харин энэ эх сурвалжуудыг хуулийн байгууллагууд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар нарийвчлан шалгахгүй байгаа нь гайхашрал төрүүлж байгаа юм.
"Мон-Уран" компанийн захирал Б.Наранхүүгийн өмгөөлөгчид Шүүхийн Шийдвэртэй холбогдох асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандана гэж мэдэгдсэн байсан. Шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа нөхцөлд гомдлоо давж заалдах шатны шүүхэд нь гаргадаг. Түүнээс биш Ерөнхийлөгчид ханддаггүй. Тиймээс үүнийг шударга шүүхэд нөлөөлөх гэж байгаа нэг хэлбэр гэж үзэхээс өөр аргагүй” гэв.