Чингэлтэй дүүргийн шүүхэд 2007 оноос хойш сунжирч байгаа Д.Энхмандахд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 10.00 цагт болно. Түүнийг Хаан банкнаас бусдын нэрийн өмнөөс гарын үсэг зурж, 30 сая төгрөгийн зээл авсан, бусдын өмч хөрөнгийг зарсан хэрэгт буруутгаж байгаа. Харин тэрбээр өнгөрөгч гуравдугаар сард хэвлэлд хандаж, өөрийгөө гэм буруугүй, гэр бүлийн хүмүүс хөрөнгөө булаацалдаж, түүндээ намайг ашигласан. Дараа нь бүх хэргээ надад тохож, эрүүгийн хэрэг үүсгэлээ гэж байсан юм. Тэрбээр өнгөрсөн онд Хөвсгөл аймгаас Улсын ерөнхий прокурорын даалгавраар баривчлагдаж ирсэн аж. Улмаар цагдан хоригдож байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас батлан даалтад гарчээ. Шүүх хуралд улсын яллагчаар н.Чимгээ, даргалагч шүүгчээр Б.Цогт, хохирогчоор Эрдэнэ-Суварга компанийн захирал Д.Бат-Эрдэнийн эхнэр Б.Сувдаа, Хаан банк оролцох бол шүүгдэгч Д.Энхмандах, түүний өмгөөлөгчөөр Энхээ, Алтанцэцэг, О.Баасанхүү нар оролцоно.
С.Отгон