Долоо хоногийн тойм: УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ

Хуучирсан мэдээ: 2018.06.17-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн тойм: УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ

Долоо хоногийн тойм: УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ

Өнгөрч буй долоо хоногт /2018.06.11-2018.06.17/ Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн хүрээнд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.


УЛС ТӨР

Долоо хоногийн улс төрийн хүрээний гол дуулиан нь УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлсөн явдал байлаа. Парламентын хамгийн залуу гишүүн тэрбээр хүчингийн гэх хэрэгт холбогдсон бөгөөд уг асуудлаар нь түүнийг хууль шүүхээс шалгаж буй юм. Гишүүнээсээ огцрох болсон тухайгаа Даваа гаригт зарласан УИХ-ын экс гишүүн Д.Гантулгын Төрийн ордонд хийсэн мэдээлэл нь “Би гэм буруугүйгээ нотолно” гэх үг. Ямар ч байсан түүний гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг УИХ хүлээж авснаар Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явагдах нь тодорхой боллоо. Гэвч энэ нөхөн сонгуульд Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн нь мөн л улс төрийн хүрээний анхаарлыг татаж байна. Баасан гаригт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, УИХ-ын дарга М.Энхболдыг огцортол хуралдаа суухгүй гэдгээ зарлав. Түүний мэдэгдлийн хариуд УИХ-ын дарга М.Энхболдын ахлах зөвлөх Б.Гүнбилэг хариу тайлбар өгч “УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хуулийн байгууллагуудаар шалгагдаж, тогтоогдсон асуудлын талаар мэдээлэлгүй байна уу, эсвэл үүгээр далимдуулж өөр асуудлаас олны анхаарлыг холдуулж, сарниулах оролдлого хийж байна уу гэдгийг хэлж мэдэхгүй байна. “60 тэрбум”-ын гэх энэ асуудал хэд дахин шалгагдсан, гэмт хэрэг биш нь тогтоогдсон гэдгийг дахин хэлье” гэлээ. Энэ асуудал ирэх өдрүүдийн улс төрийн халуун сэдэв байх нь, МАН-ын дотоод хэрүүл оргилдоо хүрэх нь ойлгомжтой болжээ.

Нийгэм

Нийгмийн хүрээнд анхаарал татсан нэг дуулиан бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээтэй холбогдуулан Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нарыг ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид 74 хоног цагдан хорьсны эцэст батлан даалтад гаргасан шүүхийн шийдвэр байв. УЕП-оос 74 хоног тэднийг хорьсны эцэст цагдан хорьж, шалгах шаардлагагүй гэж хүсэлт хүргүүлснийг шүүх хүлээн авсан юм. Монгол Улсын Засгийн газрын бодлогын шийдвэр зөв буруу байсныг хууль, шүүхийнхэн шүүгээд эхэлбэл хэлмэгдүүлэлт болно гэсэн шүүмжлэл өмнө нь багагүй гарч байлаа.

Эдийн засаг

Эдийн засгийн хүрээнийхний анхааарлыг татсан асуудал бол УИХ дээр ид хэлэлцэгдэж байгаа татварын багц хууль. У.Хүрэлсүхийн засгаас оруулсан татварын реформ гэж хэлж болно. Гэвч татварын реформд гишүүд шүүмжлэлтэй хандаж, ААОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаасанд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдэгдэл гаргахад хүргэв. Уг мэдэгдэлд “МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл, тэргүүлэгчид УИХ-ын дарга М.Энхболд болон УИХ-ын гишүүдийн нэр дээр мэдэгдэл хийжээ. Түүнд “УИХ-ын зургадугаар 14-ний өдрийн чуулганаар татварын шинэчлэлд онцгой ач холбогдолтой ААНОАТ-ын тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцээд гишүүдийн олонх нь бизнес эрхлэгчдэд маш их хүлээлт үүсгэсэн тус хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн, буцаах шийдвэр гаргасан нь татварын шинэчлэлийн эсрэг, шинэчлэлийн ач холбогдлыг үгүй хийсэн алхам боллоо.  ААНОАТ-ын тухай хуулийн төсөлд ААН, бизнес эрхлэгчдийг татвар төлөлтөд жигд хамруулах, гадаадын ААН-д татвар ногдуулах, татварын суурийг өргөтгөх, улсын төсөвт нөлөөлөх эерэг заалт оруулснаас гадна 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй албан татвар төлөгчид татварын хөнгөлөлт үзүүлэх, цаашлаад ААН, арилжааны банкнуудын гадаад зах зээлээс оруулж ирэх валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өртөг хямдрах, хөрөнгө оруулалтыг дэмжих, үүнд суурилж зээлийн хүү буурах, бага хүүтэй зээл олгох зэрэг олон таатай боломжууд бүрдэх заалтууд туссан байсан бөгөөд эдгээр нь бизнес эрхлэгчдийн зүгээс дэмжлэг аваад байсан юм” гэжээ.

б.бат

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж