Олон улсын цэргийн томоохон дадлага сургуулилт болох “Хааны эрэлд 2018” энхийг дэмжих ажиллагаа Монгол Улсад 15 дахь жилдээ болж байна. Сургуулилт зургадугаар сарын 14-ний өдөр Тавантолгойн цэргийн баазад эхэллээ.
Монгол Улс, АНУ-ын Зэвсэгт хүчин хамтран зохион байгуулдаг энэ сургуулилт 2003 оноос хоёр орны хамтарсан сургуулилтаар эхэлж, 2006 оноос өргөжин олон улсын сургуулилт болсон юм. “Хааны эрэлд 2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулилтад АНУ, Австрали, Беларусь, БНХАУ, БНСУ, БНЭУ, Итали, Франц, ХБНГУ, Япон, ОХУ, Канад, Индонез, Казахстан гээд 26 орны 1400 орчим цэргийн албан хаагч оролцож байна. Энэ жил Бутаны вант улс анх удаа цэргийн ажиглагч, Катараас салааны бүрэлдэхүүн оролцож байгаа аж.
Сургуулиар команд штабын сургууль, рот, салааны хээрийн сургууль, тусгай хүчний болон усны сургуулийг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцохын зэрэгцээ Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр талын болон олон улсын хамтарсан сургуулиудыг зохион байгуулсаар ирсэн юм. Эдгээрээс хамрах хүрээ, ач холбогдлын хувьд хамгийн томоохон сургууль болох “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургуулийг 2003 онд Монгол Улс, АНУ-ын Зэвсэгт хүчний хоёр талын хамтарсан сургууль хэлбэрээр эхлүүлсэн бөгөөд 2006 оноос олон улсын сургууль болгон өргөжүүлсэн байна.
Энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх зорилготой “Хааны эрэлд 2018” олон улсын сургуулилт зургадугаар сарын 28-ны өдөр өндөрлөнө.