ОХУ-д болж буй хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдрийн тоглолтын мэдээллээс хүргэе.
ДАНИ – ПЕРУ: 1-0
ДАШТ-ий гурав дахь өдөр “С” хэсгийн Өмнөд Америкийн төлөөлөл Перу болон Европ тивийн Ютландын хойгт орших Дани улсын багуудын тоглолт боллоо. Хоёр баг анх удаагаа таарч байгаа нь энэ удаагийн ДАШТ боллоо.
Перу улс 1982 оны дэлхийн аваргаас хойш анх удаагаа дэлхийн аваргад оролцож байгаа бол Данийн шигшээ баг 2014 оны дэлхийн аваргыг өнжөөд эргэн ирж байна.
Энэхүү тоглолт Улаанбаатарын цагаар Ням гаригийн 00.00 цагт Саранск хотын “Мордовия Арена” цэнгэлдэхэд эхэлсэн. Тоглолтын цорын ганц гоолыг К.Эриксений дамжуулалтаар Юсуф Поульсен 59 дэх минутад орууллаа. Ингэснээр Данийн шигшээ баг эхний хожлоо авч Францын ард хоёрт бичигдэж эхэллээ.
Перучууд энэ тоглолтод олон довтолгоо хийсэн ч амжилттай болгож чадсангүй.
Эхний тоглолтод хожил байгуулж гурван оноогоо авч чадсан Данийн шигшээ баг дараагийн тоглолтоо Австралитай, Перу Францын багтай зургадугаар сарын 21-д хийнэ.