ОХУ-д болж буй хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдрийн тоглолтын мэдээллээс хүргэе.
АРГЕНТИН – ИСЛАНД 1:1
“D” хэсгийн олны анхааралд байсан тоглолтын нэг бол Аргентин, Исландын тэмцээн байлаа. Москва хотын 44 мянган хүний суудалтай “Открытие Арена” цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн шөнө /2018.06.16-17/ анх удаагаа ДАШТ-д оролцож буй Исландын шигшээ баг түүхэн тоглолтоо хийсэн.
Хоёр баг нэг нэг гоол оруулснаар тоглолт 1:1-ээр тэнцээгээр өндөрлөлөө.
Аргентины Серхио Агуэро 19 дэх минутад эхний гоолыг оруулсан бол Исландын Альфред Финнбогассон /23/ дөрөвхөн минутын дараа өрсөлдөгч багийн хаалганд гоол хийсэн юм. Аргентины шигшээ багийн ахлагч, дэлхийн шилдэг хөлбөмбөгч Л.Месси торгуулийн цохилт гүйцэтгэсэн ч гоол оруулж чадаагүй юм.
Анх удаагаа ДАШТ-ий талбайд гарсан 320 мянган хүн амтай Исланд улсын хувьд түүхэн өдөр байсан. Үнэхээр исландчууд тоглолтын ур чадвараар ямар ч багтай өрсөлдөх хэмжээнд хүрснээ харуулж чадлаа. 45 сая хүн амтай, дэлхийн хоёр удаагийн аварга Аргентиний шигшээ багтай тэнцэж чадсан нь исландчууд хэсгээсээ цааш шалгарах боломжтой гэдгийг харуулж өгсөн тоглолт боллоо.
Исландын шигшээ багийн дасгалжуулагч Хэймир Холлгримсон тоглолтын дараа ‘Манай тамирчид маш сайн хамгаалж тоглосон’ гэсэн байна. Мэдээж исландчуудын хувьд хэсгийн тэргүүн багтай тэнцээ хийж чадсан нь ДАШТ-д сул баг ирдэггүй гэдийг харуулж өглөө.
Аргентин хэсгийн хоёрдахь тоглолтоо зургадугаар сарын 21-д Хорваттай хийх бол дэлхийн аваргын анхны оноогоо авсан Исланд зургадугаар сарын 22-д Нигерийн шигшээ багтай тоглоно.