Сагсчдыг 20 сая төгрөгөөр шагнав

Хуучирсан мэдээ: 2018.06.17-нд нийтлэгдсэн

Сагсчдыг 20 сая төгрөгөөр шагнав

Сагсчдыг 20 сая төгрөгөөр шагнав

Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид өнгөрөгч баасан гаригт эх орондоо ирсэн билээ. Баг тамирчид “Чингис хаан” олон улсын нисэх буудлын VIP танхимд хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм.

Сагсан бөмбөгийн 3х3 төрөл нь олимпийн төрөлд ордог ба эрэгтэй, эмэгтэй баг тус бүрээс шилдэг найм баг оролцох эрх авах юм. Одоогийн байдлаар Монголын баг тамирчид тавдугаарт жагсаж буй нь ирэх 2020 оны Токиогийн олимпд оролцох бүрэн боломж байгаа гэдгийг баг тамирчид хэлж байв. Мөн “М Си Эс” групп, “М Си Эс Кока-Кола” ХХК FIBA 3×3 ДАШТ-д амжилттай оролцсон тамирчдыг 20 сая төгрөгийн шагнасан байна. 

С.Тулга дасгалжуулагчтай 3×3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид Филиппиний Манила хотод болсон FIBA 3×3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, шилдэг наймд шалгаран түүхэн амжилтыг үзүүлсэн талаар мэдээлсэн билээ.

FIBA 3×3 ДАШТ-д эрэгтэй 20 баг өрсөлдсөнөөс “С” хэсэгт Монгол Улсын баг гурван хожил, нэг хожигдолтойгоор хэсгийн хоёрдугаар байраар шалгаран цааш өрсөлдөх эрхийг авсан юм. Тодруулбал, манай залуус Филиппин, ОХУ, Бразилыг хожин шилдэг наймд үлдсэн. Улмаар дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн багт хожигдсон ч наймдугаар байрыг эзэлсэн. Мөн Ази тивийн багуудаас Монгол Улсын баг ганцаараа хэсгээсээ шалгаран хасагдах шатанд өрсөлдөх эрхийг авсан юм. ДАШТ-ийг зохион байгуулсан Филиппин 11 байрт орсон бол Япон 14, Йордан, Индонез 19, 20 дугаар байрыг эзэлжээ.

50 мянган хүний суудалтай “Philippine Arena”-д дэлхийн хүчтэй багуудыг хожсон Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нарын тамирчид багтсан юм. 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж