Хичээлээ тараад тоглохоор гүйж явсан 11 настай хүү Сэлбэ голын ойролцоох тогтоол усанд эндэж амиа алджээ. Хүү тэр өдөр найзтайгаа хамт явсан бөгөөд усанд шумбахаар ороод живсэн гэдгийг эндхийн хүмүүс ярьж байлаа.
Туслаарай, тэнд хүүхэд живж байна
Хэрэг явдлыг товчхон сийрүүлбэл 2018 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн 16.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр Дарь эхийн шинэ эцсийн ойролцоох тогтоол усанд 11 настай хүүхдүүд усанд шумбахаар очиж. Тэд ус руу ороод удаагүй байтал тэр хавийнхан шуугилдан “Туслаарай, тэнд хүн урсаж байна” гэж гүйлджээ.
Тэднийг усанд живж байхыг хамгийн анх харсан эмэгтэй хамаг хурдаараа яаран очиж, хөрш айлын залуутай хамтран, тэднийг арай хийн татан гаргасан байна. Уснаас гаргахад нэгийнх нь амнаас цагаан хөөс цахарч, нөгөөгийнх нь царай цонхийж, хөхөрсөн байсан аж. Түргэн тусламж дуудаж, ар гэрийнхэнд нь сураг дуулгасан ч харамсалтай нь нэг нь амь эрсэджээ. Хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж буй юм.
Биднийг хэрэг гарсан тухайн газар очиход шороо овоолж, далан босгосон байв. Энд Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 км замыг 57у/м гүүрний бүтээн байгуулалтын ажил өрнөж байлаа. Иргэдийн мэдээлснээр тус гүүрийг барих явцад голын урсгалыг хаах зорилгоор тогтоол ус үүсгэсэн байж болзошгүй гэв.
Дахиад хүний амь нас эрсдэхийг үгүйсгэхгүй
Хүүгийн амийг аварсан С.Алтанцэцэгээс цөөн зүйлийг тодрууллаа.
-Хэрэг гарсан тухайн өдөр юу болсон бэ?
-Манайх энэ цаад талын харагдаж байгаа хашаанд байдаг. Тэр өдөр хашааны гадаа хүүхдүүд “эгчээ хоёр хүүхэд гол руу орчихсон гарахгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би сандраад гол руу гүйсэн. Дараа нь нөгөө хоёр хүүг уснаас татаж гаргасан юм. Удалгүй ар гэрт нь сураг дуулгаж түргэн дуудсан. Тэгээд ээж аав нь ирэхэд түргэн, цагдаагийнхан ирсэн. Гэтэл сүүлд уснаас гаргасан хүү нас барсан байсан.
-Хэзээнээс энд ийм нүх ухсан байсан бэ?
-Энд өмнө нь ийм байгаагүй гол урсдаг байсан. Сүүлд нь голын урсгалыг боохын тулд нүх ухсан байж болзошгүй юм. Ийм гүнзгий тогтоол усанд хүүхэд ороод эндчихлээ, үнэхээр харамсалтай байна. Хэд хоногийн дараа хүний амь аварсанд тань талархъя гэж хорооноос ярьсан. Тэр яах вэ энэ асуудлаа л шийдэх хэрэгтэй байгаа юм гэж хэлсэн. Хэрэг гарсны дараа энэ хавиар тууз татаад, арматурын төмөр босгочихсон байсан. Гэтэл тэр нь хаачсан юм өнөөх тогтоол ус хэвээрээ одоог хүртэл өөрчлөгдсөн зүйл алга. Тэр өдөр цагдаа нар үзлэг хийхэд 2.10 метр гүнзгий ус тогтсон байна гэсэн. Дахиад энд хүний амь нас эрсдэхийг үгүйсгэхгүй. Энэ гүүр барьж байгаа хүмүүст арга хэмжээ авахгүй байна шүү дээ. Хоёрдугаарт, хорооноос хийсэн зүйл алга. Тиймээс энэ тогтоол усыг яаралтай битүүлээд өгөөч гэж хүсмээр байна.
-Амьд үлдсэн хүүгийн биеийн байдал ямархуу байгаа вэ?
-Бие нь сайн байгаа сураг дуулдсан. Манай эндхийн ЕБС-ийн 127-р сургуульд сурдаг хүү байсан.
Мотор сервис ХХК-ийн ухсан нүхнээс болж хүний амь нас эрсэдсэн үү?
Яг одоогоос жилийн өмнө энд Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх гүүрийг шинээр барих ажил эхэлжээ. Энэ гүүрийг барьснаар Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсч, хотын хойд хэсэг болон зуслан чиглэлийн авто замын ачааллыг бууруулах ач холбогдолтой юм. Гэвч гүүр барих явцад ухсан нүхнээс болж хүүгийн амь эрсэдсэн үү гэдэг асуулт урган гарч ирж буй. Энэ асуудлаар тус гүүрийг барьж буй Мотор сервис ХХК-ийн Ерөнхий инженер Б.Цэрэнбатаас тайлбар авлаа.
-Иргэдийн зүгээс танай компани нүх ухсанаас болж хүний амь нас эрсэдсэн гэж тайлбарлаж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?
Манай компанийн зүгээс хэрэг гарсан тэр өдөрт нь булчихъя гэсэн боловч цагдаа нар хэргийн газрын ул мөрийг устгасан болох учраас хэрэггүй гэсэн. Тогтоол усны цаагуур далан байгаа. Тэр нь айлуудыг үер уснаас хамгаалсан далан юм. Одоо босгоод тавьчихсан шороо нь удахгүй бетонон бэхэлгээтэй болно. Эдгээр айлуудыг бид уснаас хамгаалах гэж байж, яагаад нүх ухна гэж. Ус оруулахгүй гэж голын гольдролыг хаачихаад наад талдаа ус оруулна гэдэг байх ёсгүй асуудал. Бид нар өөрсдөө ч гайхсан. Ийм нүх байсан гэдгийг мэдсэн бол аль хэзээний дарчихсан байгаа. Сүүлд нь очиж үзэхэд доороо лаг шавар тогтсон хөрсний ус байсан. Бид нарт голын гольдролыг өөрчлөх даалгавар өгсөн. Тэр дагуу л ажиллаж байгаа.
-Хэрэг гарсны дараа тэр хавийн газарт аюулгүй ажиллагааг хангаж хамгаалалт хийсэн үү? Дахиад хүний амь нас эрсэдвэл хэн хариуцах вэ?
-Хэд хоногийн дараа бид тэр газар нь тууз татаж, арматур төмөр босгосон. Гэвч хүүхдүүд татаад авчхаж. Энэ оны дөрвөн сард барилга эхлэхээс өмнө ойр хавийн айлуудад анхааруулах зорилгоор хаа сайгүй хуудас наасан. Бидний үзэж буйгаар голын ай сав учраас хөрсний ус тогтсон байх. Доороосоо ундаргатай, хуучин Дамбын рашаан урсан өнгөрдөг байсан гэсэн. Хэрэв бид нар нүх ухсан бол тэр даруйд нь арга хэмжээ авна. Ийм осолтой зүйл хийхгүй. Амиа алдсан хүүгийн сургуулиас бидэнд бичиг ирсэн. “Танай компанийн хариуцлагагүй байдлаас болж ухсан нүхэнд манай сургуулийн сурагч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан гээд туслалцаа үзүүлнэ үү” гэсэн. Шүүхийн шийдвэр гараагүй байхад манай компанийг хийсэн мэтээр харж байна. Одоогоор яах ч учраа олохгүй албаны хүмүүсийн дүгнэлтийг хүлээгээд сууж байна.
Баянзүрх дүүргийн 21-р хорооноос лавлахад “Тэр орчинд нь аюулгүй тэмдэглэгээ, хүүхэд оруулахгүй байх талаас нь арга хэмжээ авч байгаа” гэсэн хариултыг хэлэв. Харин бодит байдал дээр хүүхдүүд тоглон гүйлдэж, татсан тууз нь газарт хийсэж байлаа. Мөн дээрх тогтоол усыг бөглөж дорвитой арга хэмжээ авч өгөхийг иргэд хүсч байна.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ