Орос руу аялахгүй байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2018.06.16-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Орос руу аялахгүй байхыг анхааруулав

Орос руу аялахгүй байхыг анхааруулав

Хойд хөрш ОХУ-д хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн “World Cup” үргэлжилж байна. Москва хотын 80 мянган хүний суудалтай “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд 21 дэх удаагийн хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн юм. Тэгвэл АНУ-ын төрийн департментаас өөрийн орны иргэдэд хандан террорист халдлагаас болгоомжлохыг сануулжээ.

Сар гаруй хугацаанд үргэлжлэх дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд ОХУ–ын 11 хотын 12 цэнгэлдэхэд болж байгаа бөгөөд энэ үеэр зэвсэгт халдлага гарч магадгүй гэж АНУ-ын албаныхан анхааруулав.

“Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн гэх мэт олон улсын томоохон арга хэмжээ жуулчдыг ихээр татдаг боловч террористуудыг ч мөн адил өдөөдөг. Хэдийгээр ОХУ-аас тэмцээний үеэр аюулгүй байдалд ихэд анхаарч, хамгаалалтад их хэмжээний хөрөнгө зарсан ч фанатын фестивал, жуулчдын байрлаж буй зочид буудал, нийтийн тээвэр зэрэг хүн олноор цугласан газар явахдаа халдлагаас сэрэмжтэй байж, халдлагаас гадна хулгай, дээрэм зэрэг гэмт хэргийн золиос болохоос сэрэмжилж, ОХУ-аар аялахаа дахин бодож үзэх хэрэгтэй” гэжээ. Тэмцээн эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнөөс “Исламын улс” бүлэглэл цахим орчимд элдэв заналхийлэл тарааж эхэлсэн юм.

Аюулгүй байдалд баталгаа өгсөн

ОХУ-аас аюулгүй байдлыг хангах үүднээс хөл бөмбөгийн тэмцээн болох цэнгэлдэх орчмыг бүрэн камержуулж, тусгай ажилчид хяналт тавин ажиллаж байгаа аж. Тухайлбал, Англи-Бельгийн тоглолт зургадугаар сарын 28-нд болох Калининград цэнгэлдэхэд 1200 орчим камерыг байршуулжээ. Царай таних технологийн тусламжтайгаар хяналтын камерт орсон хүний мэдээлэл хэдхэн секундэд аюулгүй байдлын ажилчдад очих юм. Ингэснээр сэжигтэй этгээдийг хамгаалалтын албаныхан хараандаа авч, аюулгүй байдлыг ханган ажиллах аж. Гэхдээ хяналтын камер бол хамгаалалтын анхны алхам бөгөөд орон нутгийн хамгаалалтын ажилчид цагдаа, цэргийнхний тусгай сургуулилтад хамрагдсан байна. Шаардлагатай нөхцөлд хөл бөмбөгийн цэнгэлдэх дээрээс шүхрээр буух зэрэг арга хэмжээг хүртэл төлөвлөжээ. Тэмцээний үеэр аюулгүй байдлыг хангахын төлөө нисэх хүчин, тэнгисийн цэрэг, армийг дайчилсан байна. Тэмцээнд оролцож буй олон улсын 32 багийг 24 цагийн хамгаалалтаар хангахын зэрэгцээ, олон сая жуулчдын аюулгүй байдлыг хамгаална гэдэг амаргүй үүрэг.

Хамгийн өндөр өртөгтэй тэмцээн

ОХУ нь түүхэндээ анх удаа дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг авч, нийтдээ 14,2 тэрбум гаруй ам.долларыг зарцуулахаар төлөвлөжээ. Энэ нь тэмцээний түүхэнд хамгийн өндөр өртөгтэй төсөв болж байна. Гэхдээ энэ нь 1,3 их наяд ам.долларын эдийн засагтай ОХУ-ын хувьд хотойх мөнгө биш гэж Moody’s агентлагийн шинжээч Кристин Линдов мэдэгджээ. ОХУ-ын орон нутгийн хэвлэлд мэдээлснээр 883 тэрбум рубль (ойролцоогоор 14,2 тэрбум ам.доллар)-ыг тэмцээний зардалд төсөвлөсний 11 тэрбум ам.доллар нь тээврийн дэд бүтцэд, 3,5 тэрбум нь цэнгэлдэхийн бүтээн байгуулалт, 680 сая нь орон байрны зардалд төлөвлөгджээ. Дэлхийн хөл бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулагчдын тооцоолсноор гадаадын 570 мянган жуулчин, Оросын 700 мянган иргэн тоглолтуудыг үзнэ гэж тооцоолжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж