Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өнөөдөр /2018.06.16/ орон даяар Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлсэн бөгөөд Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийсэн юм. Энэ жил ЭЕШ-д нийт 43846 шалгуулагч бүртгүүлсэн байна. Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын материалыг газар дээр нь засдаг төхөөрөмж нэвтрүүлэхийг зорьж бөгөөд шалгалтын үеэр Ховд, Эрдэнэт аймагт туршилтын ажлыг хийж байна. Уг системийг ирэх 2019 онд бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөж байна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн юм.
Шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ бүрдүүлэх материалууд
- ЭЕШ-ын бүртгэлийн хуудас, суудлын хуваарь
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
- Иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг бүрдүүлэн ирнэ.
- Мөн шалгалтын цагаас нэг цагийн өмнө шалгалтын байранд бэлэн байх бөгөөд шалгалт эхлэхээс 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон тохиолдолд шалгалтад оруулахгүй аж.
Шалгалтад гар утас, тооны машин, таблет, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас гэх мэт бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэгэн эд зүйлс авч орохыг хориглоно. Шалгалтыг ил тод, шударга явуулах үүднээс шалгалтын байрыг бүрэн камержуулж, металл илрүүлэгч, сүлжээ унагаагчийг суурилуулжээ.
ЭЕШ-ын үргэлжлэх хугацаа
- Монгол хэл бичиг, Математик, Физик, Химийн хичээлийн шалгалтын даалгавар гүйцэтгэх хугацаа 100 минут
- Монгол хэл, Англи хэл, Орос хэл, Биологи, Газарзүй, Монгол улсын түүх, Нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгавар гүйцэтгэх хугацаа 80 минут байна.
ЭЕШ-ыг зургадугаар сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд шалгалтын зөв хариулт шалгалт дууссанаас хойш долоо хоногийн дараа өдөр тутмын сонин болон Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад тавигдах юм байна. Харин шалгалтын дүн оноо долдугаар сарын 1-ний 09:00 цагаас хойш www.eec.mn сайтад зарлагдах аж.
Э.Бурам