Алдарт хөлбөмбөгч Кристиано Роналдо татвараас зайлсхийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, Испанийн шүүхэд 18,8 сая еврогийн торгууль төлөхөөр болжээ. “Real Madrid” клубын португаль тоглогч Кристиано Роналдо өнгөрсөн жил татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагдсан аж. Тэрбээр 2011-2014 оны хооронд гэрэл зургаа ашиглуулах гэрээнээс олсон орлогоо нуун дарагдуулсан гэнэ.
Испанийн хуулийн дагуу хэрэгтэн анхны үйлдэлдээ хоёр жилийн шоронд хорих ялыг тэнсэн харгалзаж болдог байна. Иймээс Кристиано Роналдо Испанийн засгийн газартай тохиролцон, торгууль төлж, тэнсэн харгалзах ялыг сонгожээ. Кристиано Роналдо Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Испанийн эсрэг тоглохынхоо өмнө торгуулиа төлөхөө мэдэгджээ. ОХУ-ын Сочи хотноо Фишт цэнгэлдэхэд Роналдо Португалийн багтай нэгдэн Испанийн эсрэг тогложээ. Тоглолт 3:3 харьцаатай өндөрлөсөн байна.
Б.ТУЯА
Эх сурвалж: ВВС