News агентлаг өнгөрсөн долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.
М.БАТЧИМЭГ: ХӨРШҮҮДТЭЙГЭЭ ТОГТООСОН ХАРИЛЦААГ ШХАБ-ААР ХАЙРЦАГЛАХ ХЭРЭГГҮЙ
-Сүүлийн хэдэн өдрүүдэд Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв, буруу гэсэн мэтгэлцээн улс төрийн хүрээнд ч, олон нийтийн дунд ч өрнөж байна. Гадаад бодлогын асуудлаар ингэж мэтгэлцэх нь буруу ч гэх хүмүүс байна. Та энэ асуудлыг ажиглаж, дүгнэлтээ хийж байгаа байх?
-Миний хувьд сүүлийн өдрүүдэд өрнөж байгаа үйл явцыг ажиж суухад ШХАБ-д элсэх үү, үгүй юу гэдэг эцсийн шийдвэрээс илүүтэй өөрсдийнхөө байгаа байдал, төр засгийн бодлоготой ч юм шиг, үгүй ч юм шиг салан задгай байдалд илүүтэй эмзэглэх сэтгэл төрж байлаа. Улс орны амьдрал, ирээдүйн хувь заяатай холбоотой асуудлаар олон нийт мэдээлэлтэй байж санаа бодлоо илэрхийлэх нь буруу зүйл огт биш ээ. Харин ч иргэд мэдээлэлтэй, мэдлэгтэй байж хэлэлцүүлэг, мэтгэлцээнд оролцохын хэрээр асуудалд нухацтай, бүтээлч ханддаг болно, улс төрийнхөн тэр хэрээр хариуцлагатай болно гэж би боддог. Иргэд, судлаачид чөлөөтэй мэтгэлцэж, өөр өөр байр суурь илэрхийлж болно. Харин төрийн хариуцлагатай алба хашиж байгаа, хэлэх үгийг нь гаднын ажиглагчид хүлээж, дүгнэлт хийдэг түвшний хүмүүс бодлогогүй ярьж, хоорондоо зөрчилтэй байр суурь илэрхийлцгээж байгаа нь л их харамсалтай харагдаж байна. Энэ нь нэг талаас улстөрчдийн байр суурь, мэдлэг боловсролын түвшинг харуулж байгаа ч нөгөө талаас хамгийн харамсалтай нь улс орны аюулгүй байдал, амин чухал эрх ашигт хамаарах асуудлуудаар манай төр засгийн ажил, бодит чадавх ямар байгааг л илчилж байгаа хэрэг. Аль ч улс оронд тэр бүр ил ярьж нээлттэй хэлэлцүүлэг болгодоггүй асуудал гэж бий. Ямар асуудлыг хэдийд яаж хэлэлцүүлэх вэ гэдэг давс хужрыг төр засаг, шийдвэр гаргагчид тохируулж байх учиртай. Манай төрд ийм мэдрэмж ч, механизм ч дутаж байгааг сүүлийн хэд хоног харууллаа. Аюулгүй байдал, гадаад бодлогын шийдвэр гаргах процессыг олонх оронд хууль дүрмээр нарийвчлан зохицуулдаг.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Б.БАТЧУЛУУН: АРДЧИЛАГЧДАД УУР ХҮРЧ БАЙНА
Философийн ухааны доктор Б.Батчулуунтай уулзаж ярилцлаа.
-Та идэвхтэй бичигч. Гэхдээ ойрд юм бичсэнгүй. Ажил ихтэй завгүй л байгаад байна уу?
-Тухайн үйл явдал, сэдэв нь хэр зэрэг сонирхол татаж байна, би түүнд оролцмоор байна уу, дуу хоолойгоо хүрмээр байгаа юу, үзэл бодлоо илэрхийлэх шаардлага байна уу гэдгээс хамаарна. Гэхдээ наснаас болдог юм уу, жаахан залхуу тал нь дийлээд байна аа. Голдуу орчуулга дээр л ажиллаж байна.
-Мэдээж, улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд өрнөж байгаа асуудлыг үзэж, сонсч байгаа биз дээ?
-Ямар ч байсан телевиз асаахаар гарч байгаа юмыг сонсоно, үзнэ л дээ. Заримаас нь хоцорчихсон байдаг юм, хааяа.
-Олон нийтийн сүлжээнд хэр ордог вэ, та?
-Тун бага.
-Мэдээллийг хаанаас голдуу авч байна?
-Хааяа сайт харна. Оройдоо телевиз харчихна.
–Монголд олон үйл явдал өрнөж байна. Гэхдээ та бид хоёр ардчилал гэх сэдвийг хүрээнд голчлон ярихаар тохирсон. Сүүлийн үед ардчилалд аюул тулгарлаа гэж Ардчилсан намын зарим гишүүд ярьж бичих болсон. Та үүнтэй санал нэг байна уу?
–Ардчилал бол өөрөө олонх дээр тулгуурласан үзэгдэл. Ард түмэн, засаглал гэсэн хоёр үгнээс бүтсэн “эд”. Хараад байхад ардчилалд дутагдалтай тал үнэхээр их байдаг. Бүх хүний санал нэг адилхан байх албагүй учраас шүүмжлэл ч их гардаг. Дэлхийд ардчилсан үзэл баримтлалтай олон орон байна. Гол нь ардчилал ямар хөрсөн дээр ургаж байгаагаас хамаараад өөр, өөрөөр төлөвшдөг. Би сэтгэлийн хөөрлөөр юм уу, шүүмжлэхийн тулд хэлж байгаа юм биш, надад харагдаж байгаагаар Монголын ардчилал буруу замаар, Африк, Латин Америкийн ардчиллын замаар явчихлаа даа гэсэн сэтгэгдэл төрөх болсон. Либерали бус ардчиллын замаар яах аргагүй л явчихлаа гэж харагдаад байгаа юм даа.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Л.ГҮНДАЛАЙ: ХОЁР ХӨРШИЙН ДУНД ЧОНО ШИГ БАЙХ ЁСТОЙ
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайтай ярилцлаа.
-Та бол улстөрч байсан хүн. Хэдий тойргийн гадна гарсан ч гэсэн өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг идэвхтэй ажиглаж байгаа л болов уу?
-Мэдээж улстөрч байсан хүний хувьд бүгдийг харж байгаа. Нөгөө талаас зүгээр харж суусангүй. Ном, сонин байнга уншиж байна. Карл Марксын “Капитал” гэдэг гурван ботийг Герман хэлнээс уншиж байна.
-У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаа талдаа орлоо. Засгийн газарт та сэтгэл хангалуун байна уу. Ямар дүн тавих вэ?
-Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг би ямар ч ажил хийгээгүй гэж дүгнэдэг. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар арай өөрөөр оролдож байх шиг байна. Улаанбаатарын утааг бууруулах асуудалд том шийдвэр гаргасныг нь сайшааж байгаа. Ирэх оны тавдугаар сараас түүхий нүүрсийг хот руу оруулахгүй гэсэн нь зөв шийдвэр. Мөн Оюутолгойн төсөлтэй холбогдуулж Ерөнхий сайд байсан хоёр хүнийг шалгаж байгаа нь зөв. Асуудлыг шалгахгүйгээр огт орхиж болохгүй. Шалгаж асуудлын үнэн мөнийг нэг талд нь гаргах ёстой гэж бодож байна.
-Та УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Ч.Сайханбилэг нартай нэг танхимд ажиллаж явсан үе бий. Авлигатай тэмцэх газраас хорьж, шалгахаар хамгаалах, халаглах сэтгэл төрсөн үү?
-Яалаа гэж халаглах вэ дээ. Ард түмний итгэл, найдварыг хүлээж Сангийн сайд, Ерөнхий сайд болцгоосон хүмүүс шударга, ил тод ажиллах хэрэгтэй биз дээ. Ч.Сайханбилэг Дубайн гэрээг байгуулахдаа нуугдаж яваад хийж ирсэнд би дургүй л байгаа. Ингэж болохгүй. Сангийн сайд байсан хүн нь өч төчнөөн еврог Швейцарийн банканд нуучихсан байхад шалгах л ёстой. Үүнд аль намынх байх нь хамаагүй.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Л.МӨНХБААТАР: ЁС ЗҮЙГҮЙ БАЙДАЛ НЬ УИХ-ЫГ ЭМЗЭГ БОЛГОЖ БАЙНА
-Улсын Их Хурлын гишүүний сахилга, хариуцлагатай холбоотой асуудлыг хуулийн төсөлд тусгасан гэж байна. Яг ямар тодорхой асуудлыг тусгасан бэ?
-Бусад улсын туршлага, гарч байгаа асуудлыг харгалзан гишүүний сахилга, хариуцлагатай холбоотой тодорхой асуудлыг тусгасан. Тухайлбал,
Нэгдүгээрт, хуралдааны ирцийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор, хуралдааны ирцэд картаар биш гарын хурууны хээгээр бүртгүүлэх, гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэгдсэн хуралдаанд 3-аас дээш удаа оролцоогүй бол, цалин хасах, Байнгын хорооны хуралдаанд 3-аас дээш удаа оролцоогүй бол Байнгын хорооны бүрэлдэхүүнээс хасах, ийнхүү хоцорсон, тасалсан цагийн нийлбэр нь Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны гуравны нэгээс хэтэрсэн нь гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгох үндэслэл болох талаар, түүнчлэн гишүүдийн ирцийн мэдээг сар бүр гарган, нийтэд танилцуулах үүргийг Тамгын газарт өгөх заалтыг тусгасан.
Хоёрдугаарт, ”төгөлдөр хуур тоглох” гэж нэрших хүртлээ түгээмэл болсон бусдын санал өгөх кнопыг өмнөөс нь дардаг явдлыг арилгах зорилгоор, гарын хурууны хээгээр санал өгдөг болох зохицуулалтыг тусгалаа.
Гуравдугаарт, хуралдааны дэг зөрчих, хуралдааны үеэр ёс зүйн зөрчил гаргах явдлыг хязгаарлах зорилгоор, дэг зөрвөл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар гишүүнийг хуралдааны танхимаас гаргах, үг хэлэх цагийг дуусгавар болгох зэрэг хариуцлага нэмэх, гишүүнд хориглох зүйлд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуралдаанд болон хуралдааны бус үеэр бусдыг гүтгэж, доромжлохгүй байх зэрэг зохицуулалтыг нэмэхээр тусгасан.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
‘Н.ЭНХБАЯР, С.ГАНБААТАРЫН ХЭН Ч БАЙЖ БОЛНО’
МАХН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулгатай цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөнөөр Хэнтийд нөхөн сонгууль болох нь тодорхой боллоо. Олон нийтийн дунд танай намын дарга Н.Энхбаярыг нөхөн сонгуульд нэр дэвшинэ гэсэн яриа бий?
-УИХ-д болж буй үйл явцыг мэдээж анхааралтай ажиглаж байгаа. МАХН нийгэмд тулгамдсан аливаа асуудлыг шийдэхийн тулд тодорхой бодлого боловсруулж, өөрсдийн үзэл баримтлалаа олон нийтэд танилцуулаад явж байгаа улс төрийн хүчний хувьд нөхөн сонгуульд оролцоно. Гэхдээ хэнийг нэр дэвшүүлэх үү гэдгээ олонхын зарчмаар буюу Бага хурал, Гүйцэтгэх товчоогоороо хуралдаж шийдвэрлэнэ. Ирэх аравдугаар сард нөхөн сонгууль болох нь тодорхой юм билээ. Бид энэхүү сонгуульд бэлдэж байгаа. Нэр дэвшигчээ ч удахгүй тодруулна. Бидний хувьд зөвхөн Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлнэ гэсэн явцуу ойлголт байхгүй. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар манай намын нэр дэвшигч С.Ганбаатар Хэнтий аймагт үнэмлэхүй ялалт байгуулсан. Магадгүй С.Ганбаатарыг нэр дэвшүүлэх үү эсвэл Н.Энхбаяр дарга өөрөө нэр дэвших үү бүр залуучуудын төлөөлөл болох Хэнтий аймгийн Түмтийн даргыг нэр дэвшүүлж болно. Гэхдээ хэн бэ гэдгийг нь бид олонхоороо хуралдаж шийднэ. Н.Энхбаяр даргыг сүүлийн 7-8 жил сонгуульд оруулаагүй. Харин одоо эрх нь нээгдсэн учир нэр дэвшинэ байх гэсэн таамаг олон нийтийн дунд байх шиг байна. Үүнийг бид зүй ёсны үзэгдэл гэж харж байгаа. Гэхдээ улс төрийн намын хувьд намынхаа бодлого, чиглэл болоод өнгөрсөн хугацаанд ярьж ирсэн Үндсэн хуулийн өөрчлөлт болох Шинэ дээд Үндсэн хуулийн төслийн талаар УИХ-ын индэр дээрээс олон нийтэд хүргэх тэр хүнээ л нөхөн сонгуульд нэр дэвшүүлнэ.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
‘БИ И.ТАМИРТ ЗОДУУЛСНААРАА ТӨРД 1,3 САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОРУУЛСАН’
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-нд “Mint” клубт баяраа тэмдэглэж явсан Д.Болортуяаг зүс таних залуу хэвтэрт ортол нь зодсон хэрэг гарсан. ‘Ньюс’ агентлаг хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өмнө хүргэсэн. Тэгвэл энэ сарын 8-ны өдөр тус хэргийн анхан шатны шүүх хурал болж өнгөрчээ. Энэ талаар Д.Болортуяатай ярилцлаа.
-Анхан шатны шүүх хурал товлосон хугацаанаасаа хоёр хоногийн дараа болсон гэж сонслоо.
-Анхан шатны шүүх хурал зургадугаар сарын 6-ны өдөр зарлагдсан байсан. Миний хэргийг хариуцаж байсан прокурор амралтаа авсан учир хэргийг өөр прокурор руу шилжүүлсэн юм билээ. Хэргийг шилжүүлж авсан прокурор хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй байна гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулж, зургадугаар сарын 8-ны өдөр болгосон. Шүүх хуралд И.Тамир болон түүний өмгөөлөгч Б.Билгүүн оролцсон бол би өөрийгөө өмгөөлж оролцсон. Шүүх хурлын явцад И.Тамир “Д.Болортуяаг цохисон нь хүнд гэмтэл учруулахаар байгаагүй” гэж тоомжиргүй хэлж байсан. Энэ үгийг сонсоход мэдээж амар байгаагүй. Хурлын үеэр “Mint” клубын тамхины өрөөнд болсон зодооны бичлэгийг үзүүлсэн. Бичлэг дээр И.Тамир намайг маш олон удаа цохиж, өшиглөж байсан нь тод харагдсан. Би зодуулж байгаа бичлэгээ огт үзээгүй байсан. Шүүх хурлын үеэр бичлэгийг үзээд тэвчиж чадалгүй шууд уйлсан.
-Анхнаасаа өмгөөлөгч аваагүй хэрэг үү?
-Би хоёр өмгөөлөгчид хандсан. Харамсалтай нь, надтай холбоогүй болсон. Магадгүй тэр хоёрт И.Тамирын талаас нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Надад өмгөөлөгч олдохгүй байсан болохоор би өөрийгөө өмгөөлсөн.
–И.Тамирыг тухайн үед сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байх магадлалтай гэж байсан. Энэ тухайд?
-Сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэх талаар шалгуулах хүсэлт гаргасан. Шалгуулахад хэрэглээгүй гэж гарсан. Шинжилгээний хариу үнэн эсэхийг мэдэхгүй л байна.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
ЗАГВАР ӨМСӨГЧ, ‘ГЭРЭЛТ’ ГУДАМЖИЙГ САНААЧЛАГЧ О.БИЛГҮҮН
Загвар өмсөгч О.Билгүүнийг бид өнгөрсөн тавдугаар сараас эхлэн ням гаригийн үдэш бүр цэнхэр дэлгэцээр үздэг болоод буй. Учир нь тэрбээр “Яг түүн шиг” шоунд амжилттай оролцож өөрийгөө хүчтэй оролцогч гэдгийг шоуны дугаарт бүрт батлан харуулсаар байгаа билээ. Ингээд Азийн топ модель шалгаруулах олон улсын уралдааны гран при шагналт, “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Гэрэлт гудамж” төслийн үүсгэн байгуулагч,төслийн удирдагч, VR хамтлагийн гишүүн О.Билгүүний ярилцлагыг хүргэе.
–Юуны түрүүнд “Яг түүн шиг” шоуны зургаа дахь дугаарын ялагч болсонд нь баяр хүргэе.
-Баярлалаа.
-Шоунд оролцох урилга хүлээж авахад танд ямархуу сэтгэгдэл төрсөн бэ?
-Анх санал ирэхэд би их бодсон. Би чадах болов уу, яах бол гэж их эргэлзсэн. Шоунд оролцох саналаас татгалзсан ч удаа бий. Бусад долоон оролцогч нараа харахад авьяаслаг залуус байсан болохоор өөртөө эргэлзэж байсан. “Яг түүн шиг шоунд ороод үз”,“Өөрийгөө сориод үз” гэж найз нарынхаа зөвлөснөөр тус шоунд орохоор шийдсэн дээ. Одоо бол орсондоо харамсдаггүй. Харин ч ямар азаар оров гэж бодож байгаа шүү.
-Тайзан дээр загвар өмсөж алхдаг хүнд микрофон бариад дуулахад арай өөр мэдрэмж төрнө биз?
-Сурагч байхдаа олон уралдаанд оролцсон болохоор биеэ барих нь гайгүй. Гэхдээ загвар өмсөхөөс мэдээж өөр. Илүү сонирхолтой.
-Таны хувьд хоёр ч дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхлөөд амжсан. Тэр ч утгаараа шоуны дүр хувиргалт зэргийг хөнгөхөн давж гараад байх шиг санагдсан?
-MN-25 дугаар суваг” телевизийн “Би хайртай” олон ангит кино болон “Хүлэгү” пикчерс, “Эмоци” продакшны хамтран бүтээсэн “Гурван найз эргэж ирсэн нь” кинонд тоглосон. Мэргэжлийн жүжигчин биш учраас амархан байгаагүй. Кинонд тоглосноороо чамлахааргүй туршлага хуримтлуулсан.Тэр ч утгаараа шоуны баззер сонголтоор өөр, өөр дүрд хувирахад тухайн хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлэхэд боломжийн санагддаг. Би нийтэч, хөгжилтэй зантай хүн л дээ. Магадгүй даруухан зантай хүн байсан бол бүрэг ичимхий зангаасаа болоод дүрээ сайн гаргаж чадахгүй байсан ч байж магадгүй. “Яг түүн шиг” шоу маань хүнийг шахаж задалж өгч чаддаг гэдгийг тод жишээ юм болов уу? гэж бодож байна.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.