Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зургадугаар сарын 13-ны өдөр УИХ-ын 45, 47-р тогтоолуудад хориг тавьсан. Энэ нь түүний дөрөв дэх удаагаа УИХ-д хориг тавьж байгаа үйлдэл юм. Тодруулбал, Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын 45 дугаар тогтоол, Д.Гантулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай 47 дугаар тогтоолуудад хориг тавьсан.
Гэвч Ерөнхийлөгчийн хоригтой зэрэгцэн УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, түүнийг нь УИХ дэмжсэн. Тэгвэл одоо Ерөнхийлөгчийн хориг зөвхөн УИХ-ын гишүүн Д.Муратад үйлчилнэ гэсэн үг. УИХ-ын гишүү Д.Муратын хувьд ч “Ерөнхийлөгчийн хоригийг би дэмжиж байна, гэхдээ би ямар ч буруугүй” гэдэг тайлбарыг өгөөд буй.
Ерөнхийлөгч хориг тавьсан тохиолдолд УИХ ажлын 14 хоногийн хугацаанд хэлэлцэх ёстой. Өөрөөр хэлбэл, өргөн барьснаас хойш ажлын 14 хоногийн хугацаанд хоригийг УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх ёстой. Тиймээс хоригийг хэлэлцэх хугацаа долдугаар сарын 2-ний өдөр дуусгавар болно. Хэрэв УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах юм бол УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх юм.
Ш.ЧИМЭГ