Дэлхийн аваргын хамгийн үзүүштэй тоглолтуудын нэг болох Испани-Португалын хэсгийн тоглолт боллоо. Европ тивийн Иберийн буюу Пирнейн хойгт орших хөрш орнуудын тоглолт Оросын Хар далайн эрэг дэх Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд тус тоглолт нь хоёр багийн 37 дахь тоглолт байлаа. Хөршүүд өмнө нь нийтдээ 36 удаа таарч тоглоход 17 удаад нь Испаничууд ялалт байгуулсан бол Португалын шигшээ баг ердөө 6 удаа ялалт байгуулж, 13 удаа эвийн гэрээ байгуулж байжээ.
Португал 3-3 Испани (гоол: К.Роналдо 5’ пен, 44’, 88’ Д.Коста 24’, 55’, Начо 58’)
- Улаан хуудас:
- Шар хуудас: Б.Фернандес 28’, С.Бускетс 17’
Португал: Р.Патрисиу, Р.Гуэррейро, Ж.Фонте, Пепе, С.Соарес, Б.Фернандес, В.Карвальо, Ж.Моунтиньо, Бернарду Силва, Г.Гуэдеш, К.Роналдо
Испани: де Хеа, Х.Альба, С.Рамос, Ж.Пике, Начо, А.Иньеста, С.Бускетс, Коке, Иско, Д.Коста, Д.Силва
Д.Карвахаль, А.Одриосола нарыг сэлгээнд үлдээж анх удаагаа дэлхийн аваргад оролцохдоо гараанд гарсан хамгаалагч Начо тун хариуцлагагүй алдаа гаргаж багаа хүнд байдалд оруулсан. 16-н талбайд Начогийн гаргасан алдаа нь Португалын шигшээ багт эхний гоолыг авчирсан бөгөөд Начогийн золиос болсон К.Роналдо 11 метрийн торгуулийн цохилтоор энэ удаагийн дэлхийн аваргын эхний гоолоо оруулсан.Энэ нь К.Роналдогийн тус тоглолтод оруулсан эхний гоол байсан бөгөөд түүнээс хойш 44, 88 дахь минутад гоол оруулснаар багаа хожигдлоос аварч чадсан. Тэгвэл нөгөө талаас Д.Коста дубль хийсэн бол хамгаалагч Начо алдаагаа засаж багийнхаа гурав дахь гоолыг оруулсан.
Энэ тоглолтод гоол оруулсан К.Роналдогийн дэлхийн аваргын карьертаа долоо дахь гоол оруулж байгаа нь энэ бөгөөд сүүлийн дөрвөн дэлхийн аваргад дараалан гоол оруулсан байна. Энэ амжилтаараа Португал эр Бразилын домогт хөлбөмбөгчин Пеле, Германы У.Зеелер, М.Клозе нарын амжилттай зэрэгцэж дэлхийн аваргын дөрвөн тоглолтод дараалан гоол оруулсан дөрөв дэх тоглогч болсон. Тэгвэл Испанийн шигшээ багийн довтлогч Д.Коста дэлхийн аваргын анхны гоолоо оруулжээ.