Дэлхийн аваргын С хэсэг

Хуучирсан мэдээ: 2018.06.15-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Дэлхийн аваргын С хэсэг

Дэлхийн аваргын С хэсэг

ФРАНЦЫН ШИГШЭЭ БАГ

Хэрхэн эрхээ авсан:

Францын шигшээ баг Европын бүсийн А хэсэгт Нидерланд, Швед, Болгар, Беларусь болон Люксембургийн шигшээ багуудтай багтсан бөгөөд 10 тоглолт хийхдээ 7 хожил байгуулсан бол Беларусь, Люксембургийн шигшээ багуудтай тэнцэж, Шведийн шигшээ багт 1 хожигдон хэсгээ тэргүүлсэн.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Хаалгач: У.Льорис, С.Манданда, А.Ареола
  • Хамгаалагч: Р.Варане, С.Умтити, А.Рами, Ж.Сидибе, Б.Менди, Б.Павар, Л.Эрхандес, П.Кимпембе
  • Хагас хамгаалагч: П.Погба, Н.Канте, Б.Матюиди, Н.Фекир, Т.Лемар, К.Толиссо, С.Н’Зонзи, Ф.Товен
  • Довтлогч: А.Гризманн, К.Мбаппе, О.Дембеле, О.Жиру

Од тоглогч:

Испаний Атлетико Мадрид клубт тоглодог 27 настай довтлогч А.Гризманн дөрвөн жилийн өмнө “чимээгүй” байсан. Харин энэ удаагийн дэлхийн аварга бол А.Гризманны дэлхийн аваргын карьерын оргил үе байж болох юм. Магадгүй тэр 2 жилийн өмнө Европын аваргад гялалзсан шигшээ Оросод гялалзаж Францын шигшээ багт хоёр дахь алтан цомыг авчирахыг үгүйсгэхгүй байна.

Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ?

19 настай ПСЖ клубын довтлогч К.Мбаппе гоолын мэдрэмж, ур чадвараараа бас л гайхагдаж буй тоглогч юм. Ердөө 19 настай гэхэд аль хэдий нь 145 сая еврогийн үнэд хүрээд буй К.Мбаппе сүүлийн 2 улиралд Францын хөлбөмбөгийн дээд лигийн аваргын цомыг өргөөд байна. Клубтээ төдийгүй шигшээ багтаа баттай байр суурь эзлэх болсон К.Мбаппе бол техник сайтайгаас гадна дамжуулалт болон гоол оруулах чадвар үнэхээр сайн.

Дасгалжуулагч:

1998 оны дэлхийн аваргад түрүүлсэн Францын шигшээ багийн ахлагч Д.Дешам энэ удаа шигшээ багаа удирдан дэлхийн аваргад оролцож байна. Д.Дешам 2012 оноос хойш шигшээ багаа удирдаж байгаа бөгөөд 2 жилийн өмнө шигшээ багаа Европын аваргын шувтрагын шатанд хүргэсэн.

Дэлхийн аваргын түүх:

Францын шигшээ баг хоёр мянганы заагт оргил амжилтаа үзүүлж байсан. 1998 оны дэлхийн аваргад түрүүлсэн бол ердөө 2 жилийн дараа Европын АШТ-нд мөн түрүүлсэн. Улмаар 2006 онд дахин дэлхийн аваргын шувтрагын шатанд шалгарч мөнгөн медаль хүртсэн түүхтэй. Харин 2014 оны дэлхийн аваргын шөвгийн 8-д Германд хожигдсон.

Боломжит амжилт:

Францын шигшээ баг бол яалт ч үгүй “Орос-2018” дэлхийн аваргын гол фаворитуудын нэг юм. 2016 оны Европын аваргаас хойш тэд ердөө 3 хожигдож, 5 тэнцсэн бол 14 тоглолтонд ялалт байгуулсан. Эдгээр ялалтын дунд Итали, Нидерланд, Англи зэрэг улсууд байгаа нь Францын шигшээ багийн чанарыг илтгэнэ. Францын шигшээ баг дунд шөвөгт шалгарахад ядах зүйл байхгүй. Магадгүй түрүүлэх ч боломжтой юм.

Тоглолтын хуваарь:

  • 2018 оны 6 сарын 16. Франц – Австрали
  • 2018 оны 6 сарын 21. Франц – Перу
  • 2018 оны 6 сарын 26. Дани – Франц

ПЕРУГИЙН ШИГШЭЭ БАГ

Хэрхэн эрхээ авсан:

Перугийн шигшээ баг 1982 оноос хойш анх удаагаа дэлхийн аваргад оролцож байна. Тэд Өмнөд Америкийн бүсээс хүснэгтийн 5-р гарч плэй-оффын нэмэлт тоглолтоо Номхон далайн орнуудын төлөөлөл Шинэ-Зеландын шигшээ багийн эсрэг хийж хоёр тоглолтын нийлбэрээр 2-0 харьцаатай ялалт байгуулснаар дэлхийн аваргын эрхээ авсан.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Хаалгач: П.Гальесе, К.Каседа, Х.Карвальо
  • Хамгаалагч: А.Родригес, А.Корсо, А.Сантамариа, М.Араухо, М.Трауко, К.Рамос, Л.Адвинкула, Н.Лойола
  • Хагас хамгаалагч: П.Уртадо, К.Куэва, Р.Тапиа, Э.Поло, У.Картахена, Й.Йотун, П.Акино
  • Довтлогч: П.Геррейро, Ж.Фарфан, Р.Руидиас, А.Каррильо, Э.Флорес

Од тоглогч:

Шигшээ багийн 34 настай ахмад довтлогч П.Геррейро Перугийн шигшээ багийнхаа хамтаар анх удаагаа дэлхийн аваргад оролцож байна. Шигшээ багтаа 88 тоглолт хийгээд байгаа П.Геррейро 34 гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлсэн. Хэдийгээр шигшээ багийнхаа хамгийн ахмад тоглогч боловч түүний шигшээ баг дахь байр суурь одоо ч гэсэн чухал байгаа. Гэхдээ П.Перрейра дэлхийн аваргын өмнө хар тамхины төрөлд багтах кокайны төрлийн бодис илэрч нэлээд асуудал дагуулсан ч дэлхийн аваргад оролцох боломжтой болсон.

Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ?

Нидерландын Фейеноорд клубт хүчин зүтгэдэг Р.Тапиаг онцлох хэрэгтэй. Өдгөө дөнгөж 22 настай ч талбайн төвд үзүүлж буй хүчирхэг тоглолтоороо шигшээ багийнхаа салшгүй нэг хэсэг болсон. Перугийн шигшээ багийн талбайн төвд түүний хэрхэн тоглохоос багийнх нь амжилт нөлөөлөх болов уу?

Дасгалжуулагч:

Аргентин мэргэжилтэн Ригардо Гарека Перугийн шигшээ багийг удирдаж байна. Өдгөө 60 настай Аргентин мэргэжилтэн анх удаагаа шигшээ баг удирдаж байгаа ч маш сайн үр дүнтэйгээр Перугийн шигшээ багийг удирдаж байна. Тэр Перугийн шигшээ багийг 36 жилийн дараа дэлхийн аваргад оролцуулаад зогсохгүй дэлхийн чансааны 10-р байранд хүргээд байна.

Дэлхийн аваргын түүх:

Перугийн шигшэ баг 1930, 1970, 1978, 1982 оны дэлхийн аваргад оролцож байсан бөгөөд 1970 онд хамгийн өндөр амжилтаа үзүүлсэн. Тэрээр 1970 оны Мексикийн дэлхийн аваргаар Баруун Германыг дагаж хэсгээс хасагдах шатанд шалгарч байсан.

Боломжит амжилт:

Эхний тоглолтоо Данийн шигшээ багтай хийнэ. Магадгүй энэ тоглолт Перугийн шигшээ багийг хэсгээс гарах эсэхийг шийдвэрлэх чухал тоглолт байна. Перу болон Данийн шигшээ багуудын аль хожсон нь хэсгээс гарах боломжтой болно.

Тоглолтын хуваарь:

  • 2018 оны 6 сарын 17. Перу – Дани
  • 2018 оны 6 сарын 21. Франц – Перу
  • 2018 оны 6 сарын 26. Австрали – Перу

ДАНИЙН ШИГШЭЭ БАГ

Хэрхэн эрхээ авсан:

Дани улс Европын бүсийн Е хэсэгт Польшийн араас 2-р байранд орж плэй-оффын нэмэлт тоглолт хийсэн. Нэмэлт тоглолтоо Бүгд Найрамдах Ирланд улсын эсрэг хийж хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 5-1 харьцаатай ялалт байгуулснаар дэлхийн аваргад оролцох эрхээ авсан.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Хаалгач: К.Шмейхель, Й.Лессль, Ф.Рённов
  • Хамгаалагч: С.Кьер, А.Кристенсен, Я.Вестергор, Й.Кнудсен, М.ЙОргенсен, Х.Дальсгор,Й.Ларсен
  • Хагас хамгаалагч: М.Крон-Дели, К.Эриксен, У.Квист, Т.Дилейни, Л.Лерагер, Л.Шёне, П.Систо
  • Довтлогч: Н.Йоргенсен, М.Брейтуэйт, К.Дольберг, В.Фишер, Ю.Поульсен, А.Корнелиус

Од тоглогч:

Английн Тоттенхэм Хотспур клубт хүчин зүтгэдэг К.Эриксен бол Данийн шигшээ багийн түлхүүр тоглогч юм. Тоттенхэм Хотспур клубт гялалзаж буй К.Эриксен шигшээ багийнхаа төлөө 78 тоглолтонд оролцохдоо 22 гоол оруулсан. Данийн шигшээ багийн дундын шугам, ялангуяа довтолгоог дэмжиж К.Эриксен хэрхэн тоглох нь маш чухал юм.

Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ?

Өдгөө 20 настай К.Дольберг Данийн шигшээ багийн ирээдүй юм. Нидерландын Аякс клубт хүчин зүтгэдэг К.Дольберг клубынхээ төлөө 2 жилийн хугацаанд 52 тоглолтонд оролцохдоо 22 гоол оруулаад байгаа бол шигшээ багийнхаа төлөө 4 тоглолтонд оролцож 1 гоол оруулаад байна.

Дасгалжуулагч:

64 настай Норвеги мэргэжилтэн Оге Харейде Данийн шигшээ багийг 2 дахь жилдээ удирдаж байгаа ч маш амжилттай буюу 50-иас дээш хувийн амжилт үзүүлээд байгаа билээ. Данийн шигшээ багийг 2010 оноос хойш дахин дэлхийн аваргад хөтлөн авчирсан О.Харейде бол шилдэг дасгалжуулагчдын нэг юм.

Дэлхийн аваргын түүх:

Европ тивийн Ютландын хойгт орших Данийн шигшээ баг 1986, 1998, 2002, 2010 онуудад дэлхийн аваргад оролцож байсан бөгөөд хамгийн өндөр амжилтаа 1998 онд үзүүлсэн. Тус дэлхийн аваргад Францын шигшээ багийг даган хэсгээс шалгарч шөвгийн 16-д Нигерийг буулган аваад дунд шөвөгт Бразилын шигшээ багт хожигдож байсан. 

Боломжит амжилт:

Хэрвээ хэсгийн эхний тоглолтондоо Перуг буулгаж авбал хэсгээс шалгарах боломжтой. К.Шмейхель, А.Кристенсен, Э.Кристенсен нарын шилдэг залуусаар удирдуулсан Данийн шигшээ багийн хувьд хэсгээс гарахад гайхах зүйл байхгүй.

Тоглолтын хуваарь:

  • 2018 оны 6 сарын 17. Перу – Дани
  • 2018 оны 6 сарын 21. Дани – Австрали
  • 2018 оны 6 сарын 26. Дани – Франц

АВСТРАЛИЙН ШИГШЭЭ БАГ

Хэрхэн эрхээ авсан:

Энэ удаагийн ДАШТ-ний урьдчилсан шатанд хамгийн олон тоглолт хийж эрхээ авсан баг бол Австралийн шигшээ баг юм. Тэрээр нийт 21 тоглолт хийсэн бөгөөд Азийн бүсийн 3-р шатны В хэсэгт Япон, Саудын Арабын ард 3-р байранд орж Сирийн шигшээ багтай нэмэлт тоглолт хийж хожоод дахиад Гондурасын шигшээ багтай мөн нэмэлт тоглолт хийн хожиж дэлхийн аваргын эрхээ авсан.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Хаалгач: М.Райан, Б.Жонс, Д.Вукович
  • Хамгаалагч: М.Дегенек, Ж.Мередит, М.Миллиган, М.Юрман, А.Бехич, Ж.Рисдон, Т.Сейнсбери, М.Леки
  • Хагас хамгаалагч: М.Единак, Ж.Ирвин, Т.Рогич, А.Муй, М.Луонго
  • Довтлогч: Т.Кэхилл, Т.Юрич, Р.Круз, Э.Наббут, Ж.МкЛарен, Д.Арзани, Д.Петратос

Од тоглогч:

4 дэх дэлхийн аваргадаа оролцож буй 38 настай довтлогч Т.Кэхилл бол Австралийн шигшээ багийн бүх цаг үеийн хамгийн шилдэг довтлогч юм. Тэр “Орос-2018” дэлхийн аварга хүртэлх байдлаар шигшээ багийнхаа төлөө 106 тоглолтонд оролцож 50 гоол оруулсан бөгөөд 3 дэлхийн аваргад дарааллан гоол оруулсан.

Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ?

Австралийн “Мельбурн Сити” клубын 19 настай хагас хамгаалагч Д.Арзаниг онцлож байна. Шигшээ багийнхаа төлөө ердөө энэ 6 сарын 1-нд Чехийн эсрэг тоглолтонд дебьютээ хийж байсан Д.Арзаниг дасгалжуулагч Берт ван Марвейк бүрэлдэхүүндээ багтаагаад байна.

Дасгалжуулагч:

Нидерландын шигшээ багийг 2010 оны дэлхийн аваргад удирдан мөнгөн медаль хүртэж байсан шилдэг дасгалжуулагч Берт ван Марвейк удирдаж байна. Хэдийгээр Австралийн шигшээ багийг удирдан дөрөвхөн тоглолтонд оролцон 50%-ийн амжилттай ажиллаж байна.

Дэлхийн аваргын түүх:

Тив-улс Австралийн шигшээ баг анх 1974 оны дэлхийн аваргад оролцож байсан ч 2006 он хүртэл дэлхийн аваргад орж чадаагүй. Харин 2006 оноос хойш тогтмол дэлхийн аваргад орж байгаа бөгөөд 2006 онд шөвгийн 16-д шалгарч байжээ.

Боломжит амжилт:

“Тэрээр бидэнд шилдэг тоглогч байгаагүй ч шилдэг байж чадсан” хэмээн 2010 оны Нидерландын шигшээ багийнхаа тухай ярьж байсан Берт ван Марвейк Австралийн шигшээ багийг дэлхийн аваргад амжилттай удирдан оролцуулна гэдэгтээ итгэлтэй байна. Гэвч бодит байдал дээр хэсгээс гарах боломж нь тун бага юм.

Тоглолтын хуваарь:

  • 2018 оны 6 сарын 16. Франц – Австрали
  • 2018 оны 6 сарын 21. Дани – Австрали
  • 2018 оны 6 сарын 26. Австрали – Перу

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж