“ӨӨРЧЛӨЛТ НЭЭЛТ 40 ЖИЛ-ХЯТАД ДАХЬ АЯЛАЛ” /гурав/
“Хятад-Монгол”-ын сэтгүүлчдийн хамтарсан баг “Санган” дарсны үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэрт нэрсэн дарсыг БНХАУ төрийн ёслол хүндэтгэлийн дайллага, албан ёсны дээд хэмжээний уулзалт, гадна дотнын томоохон төлөөлөгчдийг хүлээн авахдаа хэрэглэдэг юм. Үүнээс “Санган” үйлдвэрийн дарс ямар амт чанартай, нэр хүндтэй болохыг харж болно.
Үйлдвэр байгуулагдсан он “Өөрчлөлт шинэчлэлт”-ийн 40 жилтэй давхцаж буй нь ч билэгшээлтэй санагдах авай. Нэгэн түүх сонирхуулахад, 1972 онд БНХАУ-д АНУ-ын 37 дахь Ерөнхийлөгч Ричард Никсон айлчилжээ. Түүнийг Ерөнхий сайд асан Жоу Эньлай хүлээж авсан бөгөөд, уулзалтын үеэр Никсон “Танай Хятад улсад бүх зүйл байгаа ч сайхан дарс алга, сайхан хувцасладаг бүсгүй хүн цөөхөн байна” хэмээжээ. Үүнийг сонссон Ерөнхий сайд асан Жоу Эньлай маш богино хугацаанд олон улсын стандартад нийцсэн чанартай дарсны үйлдвэр байгуулах үүрэг өгчээ. Ингэж 1979 онд “Санган” үйлдвэр үүдээ нээж, анхны цагаан дарсаа гаргаж авсан түүхтэй.
Өдгөө тус үйлдвэр 23 нэр төрлийн амтат дарсыг чанарын өндөр түвшинд уламжлалт болон орчин үеийн технологи ашиглан үйлдвэрлэж байна. Мөн дотоодод дөрөв, гадаад улс оронд хоёр нийт зургаан үйлдвэртэй үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд тус үйлдвэр хурдацтайгаар өргөжин тэлж, бүтээгдэхүүнүүд нь дэлхийн алдартай дарснуудтай амт чанараараа өрсөлдөх болжээ. “Хятад-Монгол”-ын сэтгүүлчдийн хамтарсан баг тус үйлдвэртэй танилцсандаа туйлын баяртай байсан бөгөөд 16 хэмийн зооринд буй торхтой дарс, 1978 ширхэг дарсны шил, мөн 1978 ширхэг хундагаар чимж тохижуулсан танилцуулгын өрөөг энэ үеэр сонирхсон юм. Мөн 1978 ширхэг үйсэн бөглөөгөөр урласан маш том дарсны шилэн баримал гээд бидэнд үзэж харах, сонирхох зүйл бишгүй байсан.
Хятадын “Өөрчлөлт, шинэчлэл’-ийн нэгэн томоохон бүтээн байгуулалтын нэг нь энэхүү дарсны үйлдвэр гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Ерөнхий сайд Жоу Эньлай нь алсын хараатай, өөрчлөлт, шинэчлэлтэд зоримог алхам хийдэг ухаалаг хүн байсныг энэхүү үйлдвэрийг байгуулах үүрэг өгснөөс нь харж болно. Учир нь 5000 жилийн түүхтэй Хятад оронд гаднын дарс хэрэггүй хэмээн сэтгэсэн бол өнөөдөр энэ үйлдвэр байгуулагдахгүй ч байсан байж мэдэх юм. Жоу Эньлайгаас хойших төрийн том албан тушаалтнууд ч түүний бодлогыг үргэлжлүүлэн “Санган” дарсны үйлдвэрийг өнөөг хүртэл дэмжиж иржээ. Өдгөө 1,3 тэрбум хүн амтай Хятад орон “Өөрчлөлт, шинэчлэлт”-ийн бодлогын хүрээнд гадаад орнууд болон хөрш улсуудтайгаа эдийн засаг, зам, барилга, зэрэг олон салбарт нээлттэй, өргөн хүрээнд ажиллах болсон нь дотоодод төдийгүй дэлхийн маш олон улс оронд иргэддээ ээлтэй, сайхан нийгэм цогцлоохын үндэс болж буй гэдгийг энэ дашрамд дуулгахад таатай байна.
Холбоотой мэдээ